Ерөнхийлөгч Х.Баттулгын Тусгай Элч бөгөөд Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн тэргүүтэй төлөөлөгчид энэ наймдугаар сарын 5-нд Ираны Парламентын ордонд болсон ЛБНИУ-ын Ерөнхийлөгч Х.Руханигийн тангараг өргөх ёслолд оролцов.
Ёслолд дэлхийн 130 гаруй улс, олон улсын байгууллагын төлөөлөгч, түүний дотор 30 шахам улсын Ерөнхийлөгч, Парламентын дарга нар оролцлоо.
Ираны Ерөнхийлөгч Х.Рухани тангараг ёслолд хэлсэн үгэндээ “Олон улсын хамтын ажиллагаа терроризмыг устгах цорын ганц зам бөгөөд нийтлэг ашиг сонирхолдоо хүрэхийн тулд Иран дэлхийн бүх улс оронтой хамтран ажиллахад бэлэн. Дэлхий дахинд терроризм, зэвсгийн аргаар бус яриа хэлэлцээгээр ойлголцоход анхаарах хэрэгтэй” хэмээн онцлон тэмдэглэв.
Ерөнхийлөгчийн Тусгай Элч бөгөөд Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн Иранд айлчлах хугацаандаа Монгол, Ираны харилцааг улс төр, худалдаа, эдийн засаг, ХАА, шинжлэх ухаан, боловсрол зэрэг салбарт хөгжүүлэх, ялангуяа хоёр улсын XIII, XIV зууны хамтын түүх буюу Ил Хант Улсын түүхийг хамтран судлахад сүүлийн жилүүдэд амжилттай хэрэгжүүлж буй ажлуудыг цаашид урагшлуулах асуудлаар Ираны холбогдох яамдын сайд, байгууллагуудын удирдлагатай уулзаж ярилцана гэж Ерөнхийлөгчийн ТГ-ын Хэвлэлийн албанаас мэдээлэв.
Сэтгэгдэл байхгүй байна