Ерөнхий боловсролын сургуульд ирэх хичээлийн жилд нийт 32.500 орчим хүүхэд суралцахаар болоод байна. Энэ нь өмнөх оны хичээлийн жилээс 4000-аар нэмэгдсэн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл жил ирэх тусам ЕБС-д элсэгчдийн тоо нэмэгдэж байна гэсэн үг юм. Үүнээс 20,800 гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэн орохоор бүртгүүлээд байгаа тухай нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл онцоллоо.
Уг тоон үзүүлэлттэй уялдуулан, Аж үйлдвэрийн яамнаас 200 мянган шинэ дүрэмт хувцсыг үйлдвэрлэн, зах зээлд гаргах хэрэгтэй гэсэн судалгааг гаргажээ. Энэ дагуу Үндэсний дүрэмт хувцас үйлдвэрлэгч найман компани ажлаа эхлүүлж нийслэлийн есөн дүүрэгт болон хөдөө орон нутгуудаар долдугаар сарын сүүлчээр худалдаанд гаргаад байна.
Нийслэлийн хэмжээнд дүрэмт хувцас үйлдвэрлэдэг найман компани байдаг. Тухайлбал: “Өүлэнмэнч”, “Шилмэл загвар”, “Төмөр трейд”, “Бүтээлч үйлс”, “Торгон хийц”, “Их шаглаа”, “Энх зүр”, “Бат зүү” зэрэг компаниуд үйлдвэрлэж байна.
Өмнөх жилүүдэд сурагчдын дүрэмт хувцсыг оройтож худалдаанд гаргаснаас болж эцэг эхчүүдээс ирэх санал гомдол тасраагүй. Учир нь наймдугаар сарын 20-д гараад ирэхээр худалдааны төвүүдэд хөл хөдөлгөөн ихсэж хүүхдэдээ хувцас өмсгөж үзүүлэхэд хүндрэлтэй болдог байна. Тиймээс өнгөрсөн жилээс эхлэн сурагчдын дүрэмт хувцсыг эрт худалдаанд гаргаж эхлээд байгаа нь энэ юм.
Дүрэмт хувцасны борлуулалтын цэгүүд Хархорин зах, “Алтжин” “Бөмбөгөр” 3-4-р Хороолол, “Дүнжингарав” худалдааны төв, “Нарантуул” зах, Спортын төв ордон зэрэг газруудад борлуулж байгаа юм.Түүнчлэн эцэг эхчүүд хүүхдэдээ дүрэмт хувцас сонгохдоо зайлшгүй биечлэн дагуулж ирээд, өмсүүлж үзэж сонгох нь чухал байгааг худалдагч нар зөвлөлөө. Учир нь зарагдсан барааг дахин буцаах боломжгүй гэнэ.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны чанар,өнгө, хийц, эдэлгээ, жил ирэх тусам сайжирч байгааг иргэд хэлж байлаа. Үнэ дагаад чанар гэгчээр нэг удаад үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ сонгосноор хоёроос гурван жил өмсчихдөг гэж ярих эцэг эхчүүд ч цөөнгүй таарлаа.
Нийслэлийн Боловсролын газрын даргын 2013 оны тавдугаар сарын 31-ний тушаалаар сурагчийн “Дүрэмт хувцасны нэгдсэн загвар”-ыг баталжээ. Энэхүү батлагдсан загварыг нийслэлд төдийгүй үндэсний хэмжээнд даган мөрддөг. Боловсролын тухай хуульд Аймаг дүүргийн ерөнхий боловсролын сурагчдад дүрэмт хувцасны дэгдсэн загварыг аймаг нийслэлийн боловсролын газар батална гэж тусгажээ.
Үнийн хувьд гэвэл: Сурагчдын дүрэмт хувцас бага, дунд, ахлах анги гэсэн нэр төрлөөр худалдаалагдаж байна. Дүрэмт хувцасны үнийг багцаар нь авч үзэхэд бага анги 81.300 төгрөг, дунд анги 100.300 мянга, ахлах анги 133.600 төгрөгөөр худалдаанд гарчээ. Үүнд, хүрэм, өмд, цамц, зангиа тус бүр нэг ширхэг багтжээ.
“Өүлэн мэнч” компанийн дүрэмт хувцасны үнэ ханш
Бага анги:
Сарафан 41.000 төгрөг
Өмд 29.400 төгрөг
Хүрэм 37.900 төгрөг
Цамц 16.000 төгрөг
Зангиа 2.500 төгрөг
Эмэгтэй хосоороо 59.500 төгрөг
Эрэгтэй хосоороо 81.300 төгрөг
Дунд анги:
Жакет 45.700 төгрөг
Юбка 30.300 төгрөг
Өмд 31.500 төгрөг
Хүрэм 47.300 төгрөг
Цамц 18.000 төгрөг
Зангиа 3.500 төгрөг
Эмэгтэй хосоороо 97.500 төгрөг
Эрэгтэй хосоороо 100.300 төгрөг
Ахлах анги
Пиджак 68.500 төгрөг
Юпка 30.200 төгрөг
Өмд 38.500 төгрөг
Хүрэм 70.100 төгрөг
Цамц 20.000 төгрөг
Заниа 5.000 төгрөг
Эмэгтэй хосоороо 123.700 төгрөг
Эрэгтэй хосоороо 133.600 төгрөг
СХД-ийн иргэн А. Цэцэгээ “Сурагчдын дүрэмт хувцасны үнэ ханш сонирхоод явж байна. Манай хүүхэд энэ жил дөрөвдүгээр ангид орох юм. Одоо нэг чанартай дүрэмт хувцас аваад өгчихвөл хоёр жил өмсүүлчихдэг. Зарим газраар үнэтэй зарагдаж байна гэсэн яриа гадуур байна лээ. Миний хувьд олон газруудаар орж үзсэнгүй. Хархорин зах дээр дунд ангийн сурагчдын хувцас 85 мянгаас 90 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байсан. Үнийн хувьд бол өмнөх жилүүдээс нээх өөрчлөлт ороогүй байна” гэсэн юм.
Худалдагч Н.Янжмаа “Долдугаар сарын сүүлээр эхэлж ерөнхий боловсролын дүрэмт хувцсыг худалдаалж эхэлсэн. “Өүлэн мэнч” компаний дүрэмт хувцас гэхэд дүүрэг болгон дээр салбараа нээсэн. Одоогоор Дүнжингарав худалдааны төв болон хөдөө орон нутгаар худалдаалж байгаа. Зөвхөн манайх гэлтгүй одоогоор аль ч цэгт худалдан авалт бага байгаа. Наймдугаар сарын 20-д гараад ачаалал эрс нэмэгдэж, бөгс эргэх зайгүй болно шүү дээ” гэв.
Сэтгэгдэл байхгүй байна