• Эхлэл
  • Оюутан цэргүүд тангараг өргөнө

Оюутан цэргүүд тангараг өргөнө

2017/08/09

“Оюутан цэрэг” хөтөлбөрт энэ жил Улаанбаатар хотын хэмжээнд 41 их, дээд сургуулийн 700 гаруй оюутан хамрагджээ. Тэд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс хоёр сарын хугацаанд цэргийн анхан шатны онолын сургалтад суусан байна. Түүний дараа мэргэжлийн бэлтгэл, хээрийн сургалтад хамрагджээ.

Энэ жил тус хөтөлбөрийн дагуу цэргийн 11 төрлийн бага мэргэжилтэн бэлтгэхээс гадна “Монгол бөхийн өгөөж” хөтөлбөрийг давхар хэрэгжүүлснээрээ онцлогтой юм байна. Үүний хүрээнд монгол бөхийн ёс жудаг, дүрэм журмын талаар сургалт явуулж, барилдааны арга техник, үндсэн мэхүүдийг оюутнуудад заан дадлагажуулжээ.

“Засгийн газраас хэрэгжүүлж буй “Оюутан цэрэг” эрчимжсэн сургалттай, тусгай хөтөлбөрийн хүрээнд оюутнууд хоёр сарын хугацаанд цэргийн анхан шатны мэдлэгийг бүрэн эзэмшиж байна” гэж ҮБХИС-ийн ажиллагааны офицерын туслах, ахмад Т.Нурка ярив.Оюутан цэргүүд энэ сарын 13-нд тангараг өргөснөөр албаа өндөрлүүлэх бөгөөд тэд өчигдөр Батлан хамгаалахын болон БСШУС-ын сайд, их, дээд сургуулиудын удирдлагуудад сурсан мэдсэнээ тайлагналаа.

ШУТИС-ийн оюутан, дэд түрүүч Э.Цэлмэг “Хөтөлбөрийн хугацаанд бид учирч болох саад бэрхшээлийг хэрхэн туулахаас эхлээд тэсвэр хатуужилтай болох зэрэг олон зүйлд суралцлаа” хэмээгээд хөтөлбөрт хамрагдсандаа сэтгэл дүүрэн байгаагаа илэрхийлэв. ҮБХИС-ийн Шархад дахь сургалтын төвд болсон өдөрлөгийн үеэр оюутан цэргүүд “Монгол морьтон” хэмээх цогц үзүүлбэр үзүүлсэн юм.

Мөн өнгөрсөн сарын 19, 20-нд цэргийн мэргэжлийн бэлтгэлд хамрагдаж буй нийт бие бүрэлдэхүүний дунд зохион байгуулсан яруу найргийн тэмцээнд тэргүүн байр эзэлсэн байлдагч Б.Төгөлдөр бүтээлээсээ уншиж сонирхууллаа.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна