Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр 21.00 цагт МҮОНТ-ийн шууд ярилцлагад орлоо. Төрийн тэргүүн ажлаа хүлээн авснаас хойш нэг сар болж байгаа юм. Ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс анхаарал татсан ишлэлүүдийг онцолж байна.
Намайг Хятадын эсрэг үзэл бодолтой гэж яриад, сурталчлаад байдаг. Энэ бол Гадаад хэргийн сайдын хийж байгаа ажил. Би Хятадын талаар юу ч яриагүй. Манай улс нэг улсын эдийн засгийн хараат байна. Үүнийг УИХ, Засгийн газрын гишүүд бүгд ярих ёстой. Манай эдийн засгийн 90 хувь нь хятадын хараат байна. Ийм байхад улс орон хөгжихгүй. Бид эдийн засгаа төгөлдөржүүлэх ёстой.
Жишээ нь, Далай ламыг урих гэхээр болохгүй гэдэг. Бид чинь хараат болчихсон байхгүй юу. Энэ тухай мэдээж урд хөрштэйгээ ярина. Манай дотоод асуудалд битгий оролцооч ээ, бид танай дотоод асуудалд оролцдоггүй шүү дээ. Бизнесийг харилцан ашигтай хийе. Манай бүтээгдэхүүнийг Та нар ав, битгий хямдхан аваач ээ гэж яръя гэж бодож байна.
Жишээ нь, сая Таван толгой руу асар хүчтэй дайралт хийлээ. Энэ бол 1970-аад оны эхээр ард түмний татвараар олсон орд. Үүнийг гадныхантай хамтарсан нэг компанид өгч болохгүй. Ерөнхийлөгчийн багт орж байгаа хүмүүс үүний эсрэг нэгдмэл санаатай. Тавантолгойн ордын ашиг бүх ард түмэнд очих ёстой юм. Намуудад шигдсэн хэдхэн гэр бүл энэ ажлыг хийж байна. Бэлэн мөнгө уул уурхайтай, архины үйлдвэртэй хүнд л байдаг. Бэлэн мөнгө байгаа газарт авлига байдаг. Үүнийг таслан зогсоохын тулд Засгийн газарт байгаа уул уурхайтай сайд нар ажлаасаа татгалзаач ээ гэж уриалмаар байна.
Юун түрүүнд би Ерөнхийлөгчийн институцээ бүтнээр нь харъя. Би зөвлөхүүдээ олон нийтэд зарлаж авна. Намайг сонгосон 600 мянган иргэдийнхээ саналыг авна. Тэднийгээ дэмжлэгийг дахин авмаар байна. Бас надад итгээгүй хүмүүсийнхээ итгэлийг авмаар байна.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай төсөлд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих тухайд: Ерөнхийлөгч бол эрх мэдэлтэй ч юм шиг, үгүй ч шиг байдаг. Тэгээд үүнийг нь хумихаар би юу хийхээ мэдэхгүй байна. Ерөнхийлөгчийн эрхийг хумих өөрчлөлт оруулах гэж байгаа бол тэгэхгүй. Сая МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээлээ. Эрх мэдлийн хуваарилалтаас болж олонхиороо түрж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрх байхгүй. Эрх мэдэл биш, “эрх” шүү. Яагаад гэвэл энэ сонгууль но-той явагдсан. 60 тэрбум төгрөгийн авлигажсан сонгууль болсон.
60 тэрбумын асуудал:
Төр засгийн албан тушаалыг урьдчилж зарж байгаа нь дээрээ ямархуу байдалтай байгааг харуулж байна. 60 тэрбумын асуудлыг АТГ-т хоёр ч удаа дуудаж хэллээ. 3,000 гаруй хүний албан тушаалын асуудал яригдсан. Намуудын санхүүжилтийн асуудлыг хуульчилж нарийн болгоно.
Бүтээн байгуулалт, бизнес, эдийн засаг:
Миний мөрөөдөл Монголын ард түмэн бүгд ажилтай болох. Ажилгүйдэл, ядуурал гэсэн хоёр том аюул Монголд байна. Монголд байгаа бизнесийн орчин тэлэх ёстой. Ажлын байрыг бүтээн байгуулалтаар бий болгодог. Бүтээн байгуулалтаа Монголчууд өөрсдөө хийгээсэй. Маш олон хөгжлийн хөтөлбөрүүд баталдаг ч цаасан дээр үлддэг. Монгол Улс ганцхан нүүрсэн дээр тогтсон улс болж хувирлаа.
Төмөр зам бол эдийн засгаа тэлэх гадны улсуудтай харилцах хамгийн том хувилбар. Бид армиа бүтээн байгуулалтад татаж оруулна. Монгол Улсын арми яагаад энх цагт бүтээн байгуулалтад орж болдоггүй юм. Таван толгойн ордыг гадаадынхантай нийлсэн нэг компанид өгч болохгүй. Саяын Ерөнхийлөгчийн сонгуульд орсон баг үүний эсрэг байснаараа нэгдсэн. Бид Норвегийн хувилбарыг авчрах ёстой. Байгалийн баялгийг ард түмэн мэддэг байх нь зөв.
Уул уурхайн бизнестэй хүмүүс Засгийн газарт ажилладаг эмгэнэлтэй явдал байна. Монгол Улсын бизесийн орчны нэгдүгээр хийгдэх зүйл бол дэд бүтэц. Тэтгэврийн зээл гэдэг баталгаатай буюу хуульчлагдсан мөнгө. Эрсдэлгүй мөнгийг зээлэхэд яагаад банк 24 хувийн хүү аваад байдаг юм бэ. Цалингийн зээл яг адил. Үүний хүүг буулгах ёстой.
Монголбанк өнөөдөр алтны нөөцөө мэдэхгүй байна. Монгол Улс өөрөө алтаа олборлох ёстой. Яаж вэ гэдэг нь технологийн асуудал. Алтанд хөрөнгө оруулалт хэрэггүй. Хайлуулдаг зуух хэрэгтэй. Алтаа өөрсдөө олборлодог байя.
Улс төр:
Дээрээ зарчим ярихгүй бол доороо зарчим ярих хэрэггүй. Аав ээж хоёр хэрэлдэж байвал хүүхдүүд нь ч хэрэлдэнэ. Өмнөх Ерөнхийлөгч нар аж ахуйг мэдэхгүй байх магадлалтай. Улс төрийн хэдхэн бүлэглэл тендерүүдийг аваад байж болохгүй. Ерөнхийлөгчийн онцлог бол энэ их итгэл өгсөн хүмүүсийн итгэлийг яаж даана гэдэг асуудал. Монголын баялгийг сорж байгаа хэдхэн гэр бүл бий. Тэдэнтэй би хэзээ ч эвлэрэхгүй. Хуульгүй байсан болохоор офшор бүсээс хөрөнгөө татах хоног хугацаа өгч байгаа. Өнөөдөр уул уурхайтай хүмүүст, архины бизнес хийдэг хүмүүст бэлэн мөнгө байна. Бэлэн мөнгө байгаа газар л авлига явж байгаа.
Томилгоо:
Н.Алтанхуяг даргын хувьд бол асар их туршлагатай. Улс төрийн хувьд олон жил хамт явсан. Миний дутууг нөхөх хүн. Асашорюү бол сийрэг толгой. Улс төрчдийн 2.3 жил яриад ойлгохгүй байгаа юмыг 20 минутын дотор ойлгосон. Энэ хүнийг Монгол Улс ашиглах ёстой. Ч.Гансүхийн хувьд бол хуульч, эрх зүйч хүн. Өнөөдөр Монгол Улсын бизнесийн орчинд хамгийн түрүүнд хийх зүйл бол дэд бүтэц. Төмөр зам дээрээ махлагдаж байсан хүний хувьд дахиад Ч.Гансүх шиг хүнийг гаргаж ирэхийн тулд хэдэн жил хэрэгтэй. Ц.Хулан бол шашин соёлын асуудлаар нэлээн хуурай юм хийдэг хүн. Шашин соёлын асуудал дээр лам хүн тавихад хэцүү. Яг энэ тал дээр намайг түших хүн гэж бодож байна. Би Жүдо бөхийн холбоог Риогийн олимпийн дараа өгөх гээд хэд хэдэн хүнээс гуйсан ч олдоогүй.
Гадаад харилцаа:
Ерөнхийлөгчийн гадаад айлчлал хоёр хөршөөсөө эхэлнэ. Хамгийн эхлээд ОХУ-ын Владивостокт уулзалтад орно. Хоёр хөрштэйгээ нэн тэргүүнд гаалийн татварын асуудлыг ярина гэж бодож байгаа. Үндэсний аюулгүй байдалд нэн тэргүүнд тавигдах юм бол хүнс. Хүнсээ гаднаас авахаа больё.
Үндсэн хуулийн өөрчлөлт:
Төрийн гурван өндөрлөгийн албан тушаалын асуудлыг Үндсэн хуулиар солих гэж байгаа бол солихгүй. Төрийн өндөр албан тушаалыг зарж байсан энэ нам Үндсэн хуулийг өөрчлөх эрх байхгүй. Ерөнхийлөгчийн засаглалын тухайд аюулгүй байдал талаасаа нэг хүнээс хараат байна гэдэг дарангуйлал эхэлнэ гэсэн үг. Нэг хүнийг худалдаж авах шиг амархан юм байхгүй. Энэ бол асар том болгоомжлол. 76 гишүүн хэлэлцэж байх үед бүгдийг нь худалдаж авах боломж байхгүй.
Эх сурвалж: times.mn
Сэтгэгдэл байхгүй байна