Цахим сүлжээгээр танилцсан эмэгтэйтэйгээ уулзаж хэвтэрт ортол зодож, гэртээ хорьсон хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 10-ны өдрийн 15.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст тус дүүргийн 22-р дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кристал Таун” хотхоны байранд хүн барьцаалсан байж болзошгүй гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, хохирогч бүсгүйг суллажээ.
21 настай эмэгтэй М, 43 настай, эрэгтэй О-той энэ сарын 1-ний өдөр фэйсбүүкээр танилцаж, уулзжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, тэд хамтдаа Тэрэлж рүү явсан боловч О нь 21 настай М-ыг хүчиндэж, хэвтэрт ортол нь зодсон гэв. Иргэн О нь хохирогч эмэгтэйг тус байранд хэвтэрт байлгаж, нийтдээ арав хоногийн турш хорьжээ.
Хохирогч М нь өөрийн фэйсбүүкээрээ нэгэн иргэн рүү тусламж хүсч чат бичсэнээр ийнхүү аврагдсан байна. Тэрбээр “Намайг хүн гэртээ хориод гаргахгүй байна” хэмээн тусламж хүссэн тул тухайн иргэн цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ажлын хэсэг томилогдон, хэргийн газарт очиж, хохирогчийг сулласан байна. Харин цагдаа нарыг очих үеэр сэжигтэн гэртээ байгаагүй бөгөөд түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулжээ.
Эх сурвалж: eagle.mn
Сэтгэгдэл байхгүй байна