Махны үнэ өсчээ

2017/08/14

2017 оны 8-р сарын 2-р долоо хоног, хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг танилцуулж байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан энэхүү судалгаанаас харахад махны үнэ өссөн байна. 

Махны дундаж үнэ: Хонины ястай нэг килограмм мах дунджаар 6470 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7470 төгрөгийн үнэтэй байна.

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.7 хувиар буюу 50 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 2.2 хувиар буюу 185 төгрөгөөр тус тус өссөн байна.

Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5500 төгрөг, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байна. 

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.3 хувиар буюу 205 төгрөгөөр, хонины цул махны үнэ 2.0 хувиар буюу 130 төгрөгөөр өссөн байлаа.

Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ: Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 819-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1200-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна.

Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1220 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Макс” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1220 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногоо: Монгол төмс 3.1 хувиар буюу 40 төгрөг, лууван 13.8 хувиар буюу 280 төгрөг, байцаа 0.6 хувиар буюу 10 төгрөгөөр тус тус өсч, харин хүрэн манжин 2.8 хувиар буюу 70 төгрөгөөр, хятад сонгино 2.7 хувиар буюу 40 төгрөгөөр буурчээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна