Ашигт малтмал олборлодог 60 гаруй аж ахуй нэгжид шалгалт хийжээДархан-Уул аймгийн Шарын гол, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумдын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа 30 гаруй иргэн, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй 10 орчим аж ахуйн нэгж, Бичил уурхайн 20 орчим нөхөрлөлд шалгалт хийжээ.
БОАЖЯ, ЦЕГ, МХЕГ, Ашигт малтмал, газрын тосны газрын хамтарсан уг шалгалтаар,ойн сан, усны савын хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулж гол горхи бохирдуулах,хяналт шалгалт эхэлсэнтэй холбогдуулан зугтах,техник тоног төхөөрөмжөө нуух,бичиг баримтын бүрдэл дутуу зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.
Мэргэжлийн хяналтын байцаагч, ЦЕГ-ын мөрдөн байцаах албаны мөрдөгч нар холбогдох арга хэмжээг авч хуульд заасны дагуу үйл ажиллагааг нь зогсоох, техник тоног төхөөрөмжийг лацдаж хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн аж.
Шалгалтын явцад Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд урт нэртэй хуулиар хориглосон талбайн хасалт хийлгэж нөөцийн тодотгол хийлгээгүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж батлуулаагүй, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө батлуулаагүй зэрэг зөрчлийг тогтоожээ.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд гэхэд 100 гаруй нөхөрлөл, аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж ашигт малтмалын олборлолт хийдэг байна. Эдгээрээс ганцхан аж ахуй нэгж ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй, 7 аж ахуйн нэгж бичиг баримтын бүрдэл дутуу, үлдсэн тусгай зөвшөөрөлгүй, бичиг баримтын зөрчилтэй 70 орчим нь Бичил уурхай эрхэлдэг нөхөрлөл, 40 орчим нь хувиараа олборлолт хийдэг иргэд байдаг ажээ.
Эх сурвалж: gogo.mn
Сэтгэгдэл байхгүй байна