“Asia Society” байгууллагаас Ази болон дэлхий дахины ирээдүйд өөрчлөлт авчирсан хүмүүст олгодог “Asia Game Changer Awards” шагналыг энэ жил хүртэх хүний нэгээр Монгол Улсын иргэн, бүргэдчин охин нэрээр алдаршсан Айшолпан Нургайв тодорчээ.
“Asia Society” байгууллага өөрийн хамтын байгууллага “Citi Asia Pacific”-тай хамтран, шагнал гардуулах хүмүүсийнхээ нэрсийг өчигдөр албан ёсоор зарласан бөгөөд Айшолпан Нургайвыг шагналын эзнээр тодорхойлохдоо, “бага залуу насандаа хүйсээр ялгаварлах үзлийн ойлголтыг өөрчилсөн нэгэн” гэсэн байна.
Одоогоос дөрвөн жилийн өмнө олгож эхэлсэн энэхүү шагналыг энэ жил ийнхүү уламжлууллаа. Энэ жилийн шагналыг Айшолпан Нургайваас гадна буяны үйлстэн Ага Хан, Афганистаны эмэгтэй реппэр Сонита Ализадех, Хятадын такси дуудлагын сүлжээг үндэслэн байгуулагч Жан Лю, Камбожийн байгаль орчныг хамгаалагч Лэн Оук, Энэтхэгийн нийгмийн зүтгэлтэн Дэв Пател, Хятадын хөгжимчин Ву Тон, Японы “Uniqlo” хувцасны үйлдвэрийг үүсгэн байгуулагч Тадаши Янай, ашгийн бус боловсролын байгууллага “Sesame Workshop” тус тус хүртэхээр болсныг зарлажээ.
"Асар их сорилтууд бүхий энэ ертөнцөд мөрөөдөгч, удирдагчдыг алдаршуулан, хүндэтгэх нь хамгийн чухал зүйл юм. Учир нь тэд илүү сайн дэлхий ертөнцийг бүтээхэд бидэнд сүнслэг нөлөөг үзүүлдэг юм” хэмээн “Asia Society”-ын Ерөнхийлөгч Хосетте Шеерар өгүүлжээ.Харин “Citi Asia Pacific”-ын Гүйцэтгэх захирал Франциско Аристегуанета “Энэхүү шагнал нь өөрчлөлтийг авчрагчдын урам зориг, бүтээлч сэтгэлгээ нь олон нийтэд эерэг байдлаар нөлөө үзүүлж, урамшуулсных нь төлөө олгож байгаа шагнал юм” гэжээ.
“Asia Game Changer Awards” шагналыг арваннэгдүгээр сарын 1-нд Нью-Йорк хотноо гардуулахаар товложээ.
Эх сурвалж: times.mn
Сэтгэгдэл байхгүй байна