Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг Сонгуулийн тухай хууль зөрчсөн хэмээн үзжээ.
Ингээд түүний БНСУ-ын иргэнээс авсан 50 сая воныг улсын орлого болгож, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,440,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.
Монгол Ардын Хувьсгалт Намын Гишүүд Дэмжигчдийн Холбоо, Хөдөлмөрийн Үндэсний Нам, Орон Нутгийн Сонгогчдын Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг, иргэн Б.Баасанжаргал нараас гаргасан, гомдол, мэдээллийг шалгаж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн захиргааны зөрчлийн материалыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингэс энэ сарын 02-ны өдөр хүлээн авч, 7-ны өдөр шүүх хурлыг товложээ.
Энэ талаар С.Ганбаатарт мэдэгдэхэд “Завхан аймаг руу өмгөөлөгчийн хамтаар ажлаар явж байна, 2017.08.14-ний өдөр Улаанбаатар хотод очно” гэж тайлбар өгсөн байна. Ингээд наймдугаар сарын 9-ний өдрийн 16.00 цагт дахин товлон зарлаж, шүүх хуралдаанаар зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: times.mn
Сэтгэгдэл байхгүй байна