Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдахаар товоо зарласан ч хараахан хуралдаагүй байна. Ирц хүрээгүй гэх шалтгаанаар хүлээгдэж байна. Өмнөхөөсөө илүү анхаарал татаж байгаа энэ удаагийн хуралдаанаар эрх баригчид дотооддоо үүссэн хямралыг хэрхэн шийдэх тухай ярилцана гэж таамаглаж байгаа.
Мөн МАН-ыг шинэчлэх болов уу гэсэн хүлээлт үүсгэсэн Баг хурлын тов тодорно гэж байсан. Хэвлэл, сошиэл орчинд цусгүй тулаан өрнүүлээд байгаа Шадар сайд У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат буюу Зүүний хүчний холбоо, Хотын фракцийн тэмцэл ид өрнөж байна. Энэ тулаанд МАН-ын хууччуулаас залуучууд бүгд хоёр хуваагджээ. Тэргүүн эгнээнд У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбат нар байгаа болохоос ард нь сумлагч, хүч нэмэгдүүлэгч, зөвлөгч нар цаг наргүй ажиллаж байна. МАН-ынхан Тусгаар тогтнолын цагаан ордондоо цуглаж суухаар багтахаа байсныг бодоход шинэчлэгдэх шаардлагатайг харуулж байна.
Босоо тогтолцоотой МАН-ынхан өмнө нь хагаралдсан ч тогоондоо тэмцэлдэж, хаяа нэг жигүүр ургачихдаг. Ганц нэг өндөлзсөнийг нь албан тушаалаар амыг нь таглаад эгнээнд нь оруулчихдаг байж. Харамсалтай нь өнөөдөр өрнөөд байгаа хуваагдал, тэмцэлд улс орны хөгжил, бодлогоо уралдуулж байгаа нэгээнхэн ч үг үсэг битгий хэл авиа алга. Оймс бандааш, тагнасан чагнасан, урвасан гээд хүний мөс чанарын хамгийн доод хэлбэрийг илтгэсэн хэрүүл өрнөж байна.
Муу эр дайнд хөөрнө гэгчээр энд тэндээс зарим нэг нөхөд тэр ч огцор, энэ ч огцор, хариуцлага хүлээ хэмээн бусдын өмнөөс бүлтэлзэж яваа харагдах. Нөгөө юуны төлөө, хэний төлөө тэмцээд юу хэлэхээ мэдэхгүй байгаа хошин шогийн тоглолт шиг үйлдэл харагдаж байх юм.
Ямар боловч МАН их, бага хурлаа хийж удирдлагаа өөрчлөх нь тодорхой болж байх шиг. Харин намын дарга нь хэн байх, Ерөнхий сайдын судлаа хамт авч явах уу, УИХ-ын даргаар хэнийг сонгох гээд олон таамаг, өрсөлдөөн учир нь үл олдох гогцоо шиг хөвөрсөөр...
2016 оны сонгуульд олонхи буюу 65-уулаа болсон МАН-ын хагарал АН-д завшаан болж, МАХН-д ядаргаа болж байх шиг. Цөөнх болсон АН-ыхан олонхийг 60 тэрбум, оймс бандаашны хэрүүлийг дэвэргэж алдаан дээр жинхэнэ танц эргэж байна. МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд улстөрийн тоглолт хийхэд жаахан төвөгтэй болж. Тэгэхээр МАН-ынхантай зэрэгцээд өөрийн боловсруулсан гэх Үндсэн хуулийн өөрчлөлтөө ярьсан шиг орон нутгаар хаяа дөрөө дарчихаад цагийг ажиглан ээржит нүүдлээ төвлөж суугаа. Бас болоогүй өөрийг нь хошгируулж байгаа далаар нь тавьсан АН-тай сүжирээд байгаа О.Баасанхүүгээ намаасаа хөөж парламентад суудалгүй болж орхисон.
Энэ бүгдээс харахад улстөрчид, улстөрийн намууд мухардалд орж хөл толгой, засаг захиргаагаа ялгахаа байжээ. Энд хүн чанар, ёс жудаг гэдэг ойлголт ч байхгүй. Албан тушаал, мөнгөний төлөө нэр нүүрээ барсан хэдэн хүний хэрүүлд ард түмэн туйлдаж байна.
Эх сурвалж: times.mn
Сэтгэгдэл байхгүй байна