Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн тухай сөрөг мэдээлэл олон гарсан ч үүнийг хууль хяналтынхан шалгаж, шийдвэрлээгүй удсан. Харин саяхнаас түүнийг Авлигатай тэмцэх газар шалгаж эхэлсэн тухай мэдээлэл ирлээ.
Энэ нь түүнийг Монголросцветметийн захирлаар ажиллаж байхдаа компанийн эзэмшилд байсан лицензүүдийг БНХАУ-д хууль бусаар худалдсан гэж үзсэнтэй холбоотой гэнэ.
Тэрээр 1994 оноос Орос Монголын хамтарсан “Монголросцветмет” нэгдлийн ерөнхий захирлаар томилогдож, энэ албанд 12 жил хашсан. Энэ хугацаанд түүний амжуулсан хэргийг одоо л шалгаж эхэлж байгаа нь энэ юм.
“Монголросцветмет” нэгдлийн ерөнхий геологич М.Ариунбаярын хамт “зохицуулсан” олон лицензийн асуудал Х.Бадамсүрэнгийн намтарт бий. Улсын хөрөнгөөр нөөц нь тогтоогдсон ордуудыг “хоосон” гэж хуурамч баримт үйлдэн авч үлдээд, өөрсдөө зарсан байдаг. Бор-Өндөрийн Баргилтын орд энэ хоёр хүний гараар орж, хэтэвчийг нь зузаалсан хэргийг тухайн үед хуулийнхан шалгаж байсан. Орос Монголын хамтарсан нэгдлийг 12 жил удирдахдаа хувьдаа завших, улсаа хохироох шилдэг аргуудыг суралцсан эрхэм.
УИХ-ын гишүүн байхдаа ч Өмнөговийн Номгон суман дахь хар тугалгын ордыг хятадуудад өндөр үнээр зарсан хүн бол Х.Бадамсүрэн гэж ярьдаг. Тэрээр уг ордыг Алтайн бага уулсын дархан цаазат бүсэд багтдаг байсныг хасуулж, бүр тавиадхан км-ийн зайнд хилийн боомт нээж өгөхөөр хөөцөлдөж байсан.
Түүнийг ийнхүү хичээл зүтгэл гаргах ганц түлхэц нь маш их хэмжээний мөнгөний асуудалтай холбогдох нь ойлгомжтой. Үүнээс өмнө 2005 онд “Монголросцветмет” нэгдлийн захирлын суудлыг ашиглаж жонш борлуулах гэрээг зах зээлийн үнээс хэт доогуур хийж өгсний шагналд 300 мянган долларын авилга авсан, мөн Шижир алт ХХК-тай хамтран гаалийн татвараас зайлсхийж, улсад 860 сая төгрөгийн хохирол учруулсан зэрэг хэргээрээ улсын яллагчаас 7 жилийг чанга дэглэмтэй хорих ангид эдлэх ял сонсож байсан ч шүүхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, замхруулсан. Энэ болон бусад асуудлыг шалгаж байгаа нь нийгмийн захиалга гэлтэй.
Эх сурвалж: uurhai.mn
Сэтгэгдэл байхгүй байна