Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хадны гаалийн хяналтыг татан буулгах шийдвэр гаргасантай холбоотойгоор тэнд ажиллаж байсан ажил үйлчилгээ эрхлэгчид, жолооч нарын төлөөлөл эсэргүүцэж хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр “Цагаан хад хөгжлийн гарц” ТББ-ын тэргүүн Ц.Насантогтох ийн ярьж байна.
“Өмнеговь аймгийн Ханбогд сум Хайрхан багийн нутагт байрлах “ЦАГААН ХАД” гаалийн хяналтын бүсийг 2006 оноос Гашуун сухайт боомтоор Таван толгойн нүүрсний уурхайн экспортод зориулж бий болгосноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байсан. Гэтэл Засгийн газраас урьдчилан мэдэгдэлгүй, орон нутгийн иргэд, компани аж ахуйн нэгжийн саналыг сонсолгүйгээр зогсоох шийдвэрийг гэнэт гаргасан нь буруу шийдвэр болсон байна.
Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны аливаа акт, шнйдвэрийг гаргахдаа тооцоо судалгаа бүхий байх, эрх ашиг нь хөндөгдөх иргэдийн саналыг сонсох, урган гарах эдийн засгиин үр дагаварыг тооцоолон, шийдвэрээ гаргах ёстой атал Засгийн Газар илт хууль бус, үндэслэл тооцоололгүй шийдвэр гаргалаа.
Зүй нь тэнд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж компаниуд, иргэд оршин суугч нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдний санал бодлыг сонсох, тэдний эрхийг хамгаалах, иргэдээ ажилтай орлоготой байлгах, урган гарах эдийн засгийн үр дагавар, үйл ажиллагаа эрхэлж буй компаниудад учирч болох хохирол эрсдэлийг тооцоолох, Монгол Улсад үлдэх нэмүү өртөг татвар зэргийг хүртэл тооцоолох ёстой.
Орон нутгийн засаг захиргаа, аймаг сумын зүгээс энэхүү шийдвэр маш буруу бөгөөд аймгийн иргэдэд сөрөг нөлөөтэй талаарх саналаа Засгийн Газарт хүргүүлсээр байтал хэний эрх ашигт нийцсэн ийм шийдвэр гаргаж буй нь ойлгомжгүй байна. Еронхий сайд, Зам тээврийн хөгжлийн сайд, Гаалийн ерөнхий газрын дарга зэрэг эрх бүхий албан тушаалтнууд 2017 оны хавар тус бүс нутагт газар дээр нь танилцан, зарим асуудлыг шийдвэрлэсний дотор цахилгаанаар хангах асуудлыг шийдвэрлэж зураг төсөл нь бэлтгэгдэж холбоход бэлэн болоод байсан хэрнээ гэнэт эсрэгээр шийдэх болсон шалтгаан нь юу байв.
Тус бүс нутагт шийдвэрлэвэл зохих асуудлууд олон бий. Асуудлыг шийдвэрлэх гарц нь гаалийн хяналтын бүсүүдийг хааснаар дуусахгүй юм. Нүүрсний тээвэрлэлтэд үүссэн урт дараалал, олон хоногийн тээвэрлэлтийг Цагаан хадыг хааснаар шийдэхгүй. Харин эсрэгээрээ хилийн боомт дээр ачаалалыг төвлерүүлж, тэнд гардаг гэмт хэрэг, авто тээврийн осол аваарыг харин ч нэмэгдүүлэх урхагтай. Уртын урт/Тавантолгойгоос хил хүртэлх/тээвэрт жолооч нар удаан хугацаанд амралтгүй явсанаас осол аваар гарах гол нөхцөл бүрддэг. Тээвэрлэлт эрхэлж буй жолооч бусад иргэдийн салшгүй хүн ёсны эрх хөндөгдөж байгааг шийдвэрлэх гарц үлдсэнгүй. Хооллох, унтах, бие засах асуддлыг ч авч үзэх ёстой. Аймгийн төсөвт Цагаан хадны гаалийн хяналтын бүсүүд болон бусад үйлчилгээний салбараас нилээд орлого төвлөрдөг байсан нь зогсоход хүрнэ.
Засгийн газрын шийдвэрт тэнд үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн хохирол зардлыг хэрхэн шийдвэрлэх талаар огтхон ч дурьдаагүй байна. Нүүрсний тээвэрлэлтийн цаг хязгааргүй хүлээлт, урт үүссэн дугаарлалт нь уртын урт тээврээс үүдэн гардаг болохоос Цагаан хадны гаалийн хяналтын бүсүүдийн үйл ажиллагаанаас шалтгаалаагүй. Харин эсрэгээрээ богино тээврийн тоо өссөнөөр дугаарлалт буурах боломжтой юм.” гэлээ.
-ЦАГААН ХАДНЫ БҮСИЙГ ТАТАН БУУЛГАСАНААР ДАРААХ СӨРӨГ ҮР ДАГАВАР ГАРНА-
1. Бензин, түлш зэрэг автомашины хэрэглэж буй бүх бүтээгдэхүүнээ зөвхөн БНХАУ-аас худалдан авах болно. Монгол Улсад үлдэх нэмүү өртөг, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, ард түмний гар дээрх мөнгөний эргэлт үгүй болно.
2. Цагаан хад дах гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа нь тээвэрлэлтийн орлогоос орж буй гадаад валютын урсгалыг Монголдоо үлдээдэг. Тухайлбал Цагаан хадыг татан буулгасан тохиолдолд Тээвэрлэлт эрхэлж буй жолооч тээвэрлэлтээс олсон хөлсөө хилийн цаана зарцуулна. Хятад улс нүүрс буулгасан хоосон машиныг 4-7 хоног хилээр буцаан гаргалгүй саатуулдаг ба энэ хугацаанд нэг жолооч дор хаяж тээврийн хөлснийхөө 70-80 хувийг зочид буудал, хоол хүнс бусад зүйлд зарцуулдаг.
3.Одоогийн байдлаар уртын урт замд нэг жолооч 14 хоног орчим явдаг. Харин Цагаан хад дах гаалнйн хяналтын бүсүүдэд буулгаснаар 1-3 хоногт нэг эргэлт хийх боломжтой байдаг. Ингэснээр жолооч нарын эрүүл мэнд, гэр булийн байдал, цалин хөлс, амрах ажиллах боломж, техникийн бүрэн бүтэн байдлаа хангах, засвар үйлчилгээг цаг хугацаандаа хийх, осол аваар буурах зэрэг олон давуу талыг бий болгодог.
4. Уртын урт тээвэрлэлт хийлгэдэг аж ахуйн нэгжүүдийн 80% хувь нь хятад компани, хятад эзэнтэй компаниуд байдаг ба тэд жолооч нарын нийгмийн асуудлыг огт хайхардаггүй, ажил амралтын хуваарийг зохицуулдаггүй.Үүнээс үүдэн осол аваар гардаг бөгөөд эргээд хариуцлага огт хүлээдэггүй болно.
5. Гаалийн хяналтыг Цагаан хад дахь бүсүүдэд хийснээр аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааны үр дүнд төрийн үйлчилгээг хялбар шуурхай гүйцэтгэдэг бөгөөд гаалийн хяналтыг бүрэн дүүрэн тавих боломжтой байдаг. Олон хоног үргэлжилдэг уртын урт тээвэрлэлт нь хяналтаас гадуур байж, хууль бус, хориотой тээврийг давхар тээвэрлэх боломжийг үүсгэн, улсын хилээр нэвтрүүлэх асуудал бий болох нөхцөл тавигддаг.
6. Нүүрсний тээвэрлэлт бол нүүрсний экспортын дараа орох аймаг орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлдэг томоохон салбар. Цагаан хадны гаалийн хяналтын бүсүүдийг зогсоосноор аймаг орон нутгийн төсөв тасрах нөхцөл үүснэ.
7. Энэхүү бүсүүдийн үйл ажиллагаа зогссон тохиолдолд орон нутгийн иргэдийн олонх ажилгүй, орлогын эх үүсвэргүй болж, иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлнө.
8. Тээвэрлэлтийг дагасан техникийн бүх үйлчилгээ зогсох эрсдэлтэй. Мөн жолооч нар амрах, хооллох, эмнэлгийн үйлчилгээ авах боломжгүй болно.
9. Уртын урт тээвэрлэлтийн дарааллаас шалтгаалан жолооч нар дуртай газраараа явж, шороон зам үүсч байгаль орчинд маш их сөрөг нөлөө үзүүлж байна. Мөн жолооч нар олон хоногийн тээвэрлэлтэд явсанаар хэт ядралтын улмаас сэргээш болон мими гэх хориотой бодисыг хэрэглэх болон бусад сөрөг үр дагавар гарсаар байна.
10. Гаалийн хяналтын бүсүүд байгуулан ажиллаж буй аж ахуйн нэгжүүдийн 40 тэрбум төгрөгийн /техник хэрэгсэлийг оролцуулаагүй дүнгээр/ үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө үнэгүйдэх эрсдэлтэй боллоо.
11. Хайрхан багийн засаг захиргааны анхан шатны нэгжийг байгуулах, төрийн үйлчилгээннй байгууллагад зарцуулсан төсвийн олон тэрбум төгрөг үр ашиггүй болох нөхцөлийг үүсгэлээ.
12. Уртын уртад тээвэрлэлт хийгдсэнээр Автотээврнйн үндэсний төвөөс батлан гаргасан журмууд болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тогтоосон стандартууд бүрэн зөрчигдөж байна. Бидний төсөөлснөөс илүү их сөрөг үр дагавар гарах магадлалтай байна.
Эх сурвалж: medee.mn
Сэтгэгдэл байхгүй байна