МУИС-ийн шинэ удирдах зөвлөл сургуульдаа бүтцийн өөрчлөлт хийхээр төлөвлөж, өчигдөр энэ асуудлаар удирдах зөвлөл нь хуралдсан. Өөрчлөлтөөр Шинжлэх ухааны сургуулиа задалж, Олон улсын харилцааны сургуулийг тэнхим болгохоор төлөвлөөд байсан ч багш, оюутнуудын эсэргүүцэлтэй тулж энэ талаар тодорхой шийдвэр гаргаж чадаагүй байна.
“Олон улсын харилцааны сургууль нь нийгмийн шинжлэх ухааны салбар бөгөөд 500-600-гаад оюутантай ч 10-аад багштай, 3-4-хөн доктор багштай. Хими, физик, биологи, математик зэрэг суурь шинжлэх ухааны салбаруудыг нэгтгэсэн Шинжлэх ухааны сургуулийг задалснаар энэ чиглэлээр элсэх оюутны тоог нэмэгдүүлэх, энэ салбарыг хөгжүүлэх ач холбогдолтой байсан. Гэвч сургуулийн Удирдах зөвлөл энэ асуудлыг хойшлуулахаар шийдвэрлэлээ. Тэгэхээр сүүлийн дөрвөн жилд элсэгчгүй болоод байгаа МУИС-ийн суурь шинжлэх ухааны салбарын ангиудыг идэвхжүүлэх, элсэх оюутны тоог нэмэгдүүлэх чиглэлээр дорвитой шийдэлд хүрч чадсангүй” гэж тус сургуулийн багш хэлэв.
Харин тус сургуулийг татан буулгахыг эсэргүүцсэн багш, оюутнууд "25 жилийн түүхтэй, улс орны гадаад бодлогыг зохицуулдаг гол боловсон хүчинг бэлтгэдэг сургууль. Олон улсын статуст улс орон бүр Олон улсын харилцааны бие даасан сургуультай байдаг. Олон тэнхимтэй, олон элсэгчтэй том сургуулийг сургуулийн удирдлагууд өөрсдөө бүтцийн шинэчлэл нэрээр хоёрхон тэнхимтэй болгосон" хэмээн эсэргүүцэж байгаа юм.
Мөн тэд сургуульд бүтцийн өөрчлөлт хийхдээ багш, оюутнуудын саналыг огт авдаггүй, засаг солигдох бүрт л МУИС-ын бүтцээр оролдож, халаа сэлгээ хийхээр болимоор юм. Сургуулийн нэр хүнд ч унаж байна, бид ч тайван ажлаа хиймээр байна гэж Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн тэнхмийн эрхлэгч Ж.Баттогтох онцолсон юм.
Сэтгэгдэл байхгүй байна