Сургууль, цэцэрлэг, их дээд сургуулийн хичээлийн шинэ жил эхэлж байгаа энэ үед замын хөдөлгөөнд оролцож байгаа явган зорчигч, тээврийн хэрэгслийн жолооч нар төмөр замын гармаар хөндлөн гарахдаа анхаарал болгоомжтой зорчихыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс сэрэмжлүүлж байна.
Тус газраас иргэд, жолооч нарын анхаарал болгоомжгүйгээ төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдал алдагдах эрсдэлтэй байдал үүсч байна. Зөвхөн энэ оны эхний найман сарын байдлаар төмөр замын өртөө хоорондын замд хүн байснаас 93, мал байснаас 31, гарман дээр автомашин байснаас 26 нийт 150 удаа галт тэрэг яаралтай тоормос хийж зогсоход хүрсэн аж.
Наймдугаар сарын 09-нд Сүхбаатар-Дулаан өртөө хоорондын гарман дээр ачааны галт тэрэгтэй 39-42 СЭҮ Хонда-Фит маркын автомашин, наймдугаар сарын 25-ны өглөөний 4 цаг 30 минутад Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн галт тэрэгтэй Зүүнхараа-Үнэгт өртөө хоорондын гарман дээр 28-69 УБЗ дугаартай суудлын автомашин мөргөлджээ.
Мөн наймдугаар сарын 27-ны 23 цаг 57 минутад Айраг өртөөний 753-р км-ийн гарам дээр 69-22 УНЗ дугаартай том оврын автомашин зогсож байснаас болж Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн зорчигчийн галт тэрэг яаралтай тоормос хийж зогссон байна. Энэ мэтээр иргэд, жолооч нар өөрсдийн анхаарал болгоомжгүй байдлаасаа болж, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлтэй байдал үүсч, төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдалд ноцтой эрсдэл бий болгож байгаа тохиолдлууд гарч байгааг анхааруулж байна.
Сэтгэгдэл байхгүй байна