Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутагт өчигдөр түр зуурын усархаг аадар бороо орсны улмаас Нийслэлийн Онцгой байдлын газарт 7 удаа дуудлага иржээ. Улмаар нийслэлийн Аврах анги, Аврах тусгай анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.
Аадар борооны улмаас тус хорооны Хилчний 16 дугаар гудамжинд айлын гэр хашаа усанд автаж, тус тоотод оршин суугч иргэн 57 настай, эрэгтэй осголтын байдалтай байжээ. Улмаар Онцгой байдлын хэлтсийн дарга дэд хурандаа А.Батбаяр, Хэлтсийн орлогч, Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Ц.Лхагвасүрэн, тус хорооны Засаг дарга н.Тэмүгэ нар тухайн иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн аюултай бүсээс гаргаж яаралтай тусламжийн эмчид хүлээлгэн өгсөн байна.
Далангийн голд иргэд усанд боогдсон гэсэн дуудлагын дагуу Аврах тусгай ангийн 5 албан хаагч, 1 автомашинтай шуурхай ажиллан Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны иргэн 12-13 настай, 3 хүүхдийг эрсдэлтэй бүсээс гаргаж амь насыг нь аварсан байна.
Түүнчлэн Сонгинохайрхандүүрэг 20 дугаар хороо, Цэргийн хотхоны баруун талд үерийн сувгийн ус хальж өндөр настай иргэн усанд боогдсон гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн 5 албан хаагч, 1 автомашинтай бүлэг очиход иргэн 74 настай, эмэгтэй, 12 настай, эрэгтэй, 10 настай, эрэгтэй нар үерийн усанд боогдсон байсныг аюулгүй газар гаргажээ.
Ус цаг уурын байгууллагаас гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээгээр ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар сэрүүсч нутгийн зарим хэсэгт хур бороо орох төлөвтэй байгаа тул иргэд болзошгүй үерийн аюул, усны ослоос урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл байхгүй байна