• Эхлэл
  • О.Эрхэмжаргал: Виз зөвшөөрөлтэй холбоотой бүх үйлчилгээг утсаар цаг авч, дараалалгүйгээр үйлчлүүлэх боломж бүрдлээ

О.Эрхэмжаргал: Виз зөвшөөрөлтэй холбоотой бүх үйлчилгээг утсаар цаг авч, дараалалгүйгээр үйлчлүүлэх боломж бүрдлээ

2017/09/11

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газар 2017 онд дэвшүүлсэн “ЦАХИМ ИММИГРЭЙШН” зорилтын хүрээнд иргэдийн цаг завыг хэмнэж, дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээнүүдийг нэвтрүүлсээр байгаа билээ. Тэгвэл энэ удаад “Утсаар цаг авах” үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүлээд байна. Энэ талаар ГИХГ-ын Зөвлөгөө мэдээллийн мэргэжилтэн О. Эрхэмжаргалаас тодрууллаа.

 

-Гадаадын иргэн, харьяатын газраар буюу төрийн захиргааны байгууллагаар үйлчлүүлэхдээ Утсаар цаг авах үйлчилгээг анх удаа нэвтрүүлсэн байна. Энэ үйлчилгээний талаар тодруулна уу?

-Дэлхий нийтээрээ цахим хурд, технологийн дэвшлийг ашиглаж байна. Энэ утгаараа үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлаж, олон улсын жишигт нийцсэн “Утсаар цаг   авах үйлчилгээ”-г өнөөдрөөс эхэлж нэвтрүүллээ. Энэ үйлчилгээ нэвтэрснээр виз зөвшөөрөлтэй холбоотой бүхий л үйлчилгээг утсаар цаг авч, очер дараалалгүйгээр үйлчлүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Манай байгууллагаар үйлчлүүлэгчид бол гадаадын иргэд тэр дундаа Монголд хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, боловсролын салбарынхан байдаг. Тиймээс эдгээр хүмүүсийн цаг завыг хэмнээд зогсохгүй, аливаа чирэгдлийг багасгах шинэлэг үйлчилгээ юм. Мөн нөгөө талаас гадаадын хөрөнгө оруулагчдыг татах нэг хэлбэр гэж хэлж болно. Учир нь Иммигрейшний байгууллагаас цаг авчихсан байхад дараалалд хүлээж зогсох шаардлагагүй, тухайн цагтаа л үйлчилгээгээ аваад сэтгэл хангалуун гарна гэсэн үг.

Дээр нь манай байгууллага хотын төвөөс алслагдсан байгууллага. Тиймээс үйлчлүүлэгчдийнхээ цаг зав болоод, эдийн засагт нь ч гэсэн хэмнэлттэй уг үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүлээд байна.

-Үйлчилгээний цагийг хэрхэн авах вэ? Үйлчлүүлэгчдэд ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Манай Зөвлөгөө мэдээллийн 1800-1882 дугаарын утас бий. Уг утсаар холбогдож цаг авна. Бид сар хүртэлх хугацаанд багтааж цаг олгоно. Тэгэхээр цаг авсан үйлчлүүлэгчид тухайн цагтаа ирээд үйлчилгээгээ авах боломжтой. Хэрвээ манайхаас олгосон цагт үйлчилгээгээ аваагүй тохиолдолд тухайн үйлчлүүлэгчийн цаг хүчингүй болно.

Цаг авч үйлчлүүлж буй иргэд манай Зөвлөгөө мэдээллийн хэсгээс болон байгууллагын цахим хуудаснаас мэдээлэл авч материалын бүрдлийг сайтар хангах ёстой. Гол анхаарах зүйл нь холбогдох хууль, журмын хүрээнд тавьсан шаардлагын дагуу материалын бүрдлийг хангасан байх ёстой.  Үйлчлүүлэгчид дунд материалын бүрдэл дутуу, чанарын шаардлагад нийцээгүй зураг авчрах, анкет бүрэн гүйцэд бөглөөгүй зэрэг асуудлууд гардаг. Бид шаардлага хангасан материалыг л хүлээн авч, хуулийн хугацаанд шийдвэрээ гаргана. Хэрэв таны материалын бүрдэл дутуу тохиолдолд урьдчилж цаг авсны хэрэг гарахгүй. Материалын бүрдэл дутуугаас болж л бүх төрлийн үйлчилгээ удаашрах, дахин дахин ирэх чирэгдэл үүсч байгаа юм. Тиймээс үйлчлүүлэгчид маань өөрсдийнхөө хариуцлагыг нэмэгдүүлж, өөрөө өөртөө явдал чирэгдэл учруулахгүй байх тал дээр анхаараарай гэж хэлмээр байна.

Энд бас нэг зүйлийг тодотгож хэлэхэд, энэ үйлчилгээ маань цаг авах үйлчилгээ болохоос биш тухайн цагт шийдвэр бүрэн гарна гэсэн үг биш гэдгийг ялгах хэрэгтэй. Цаг авсан болгоны шийдвэр хурдан гарна гэвэл мөн л өрөөсгөл ойлголт болно.

-Утсаар цаг аваагүй, шууд үйлчлүүлэхээр ирсэн иргэдийн тухайд ямар байдлаар үйлчлүүлэх вэ?

-Тэдгээр хүмүүст урьдынхаа адил дугаараар үйлчилгээ үзүүлнэ. Бид урьдчилж цаг авсан хүмүүстээ л тухайн цагийнх нь дагуу нэмэлтээр үйлчилгээ үзүүлж байгаа болохоос биш хуучин үйлчилгээнүүд маань хэвийн явагдана.

-Цаашид ямар үйлчилгээ нэвтрүүлэхээр ажиллаж байгаа вэ?

-Манай байгууллагын энэ жилийн зорилт бол “Цахим иммигрейшн”. Цаашид бид олон улсын жишигт нийцсэн Цахим үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, энэ сарын 20-оос эхлээд туршилтын журмаар Виз зөвшөөрлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж байна. Энэхүү үйлчилгээ нэвтэрснээр урьдчилсан хяналт явагдаад, үйлчлүүлэгчээ нэг удаа ирүүлэх, цаг зав, зардлыг нь хэмнэх нөхцөлийг бүрдүүлэх юм. Цаашид энэ үйлчилгээ маань амжилттай хэрэгжээд эхэлбэл дараа дараагийн үйлчилгээнүүдээ шат дараатайгаар цахим хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байна.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна