Засгийн газраа огцруулсан МАН-ын дунд Ерөнхий сайд, намын дарга хэн болох тухайтад далд тэмцэл өрнөж, хүмүүс таамаг дэвшүүлж байна. Одоогоор Монголд сонгуульд ялсан намын дарга нь Ерөнхий сайдаар томилогдоно гэсэн уламжлал тогтоод байгаа. Энэ жишгийг баримталбал МАН Их хурлаараа намын даргаа сонгосны дараа Ерөнхий сайдаа томилох ёстой гэгдэж буй. Нөгөө талаас Ерөнхий сайдаа түрүүлэн томилоод дараа нь намын даргаар ёсчилно гэсэн яриа ч бий. МАН-ын Бага хурлаас их хурлыг 45 хоногийн өмнө товлох ёстой. Харин Ерөнхий сайдыг огцруулснаас хойш 45 хоногийн дотор томилохгүй бол УИХ тарах ёстой болно. Сануулахад Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг есдүгээр сарын 7-нд УИХ-ын ээлжит бус чуулганаар огцруулсан.
Харин өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж намын бага хурлаа товлолоо. Ингээд эрх баригч МАН-ын Бага хурлыг энэ есдүгээр сарын 25-нд хийхээр болжээ.
Удирдах зөвлөлийн хуралдаанаас Ерөнхий сайдад нэр дэвшигчийг хэлэлцэн тодруулна гэж мэдээлж байсан ч энэ талаар огт яриагүй гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр бага хурлын өмнө нэр дэвшигчийг тодруулахаар болсон бололтой.
А.Ану
Сэтгэгдэл байхгүй байна