Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зардал хэмнэх үүднээс НҮБ-ын чуулганд оролцохгүй гэсэн мэдээлэл цацагдсан. Үүнээс үүдэн жүдо-гийн тэмцээнийг очиж үзсэн мөртлөө яагаад НҮБ-ын чуулганд оролцохгүй гэсэн бэ, үнэхээр зардал мөнгө хэмнэх шаардлагатай байсан уу гэсэн маргаан дэгдэж буй.
Өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил бүр энэ чуулганд оролцож, үг хэлдэг уламжлалтай байсан. Харин өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга уг чуулганд яагаад оролцохгүй болсон талаараа өнөөдөр Төрийн ордонд тайлбар хийлээ.
Тэрээр
-НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганд оролцохгүй байснаар ач холбогдлоо багасгаад байгаа юм биш. Тэгш тоонуудтай хуралд очих хэрэгтэй байх. Заавал очих шаардлага байхгүй. Энэ жилийн чуулган “Хүн төвтэй хөгжил” гэсэн ерөнхий сэдэвтэй юм билээ. Сирийн асуудал, Хойд Солонгосын асуудал ярина. Би мэдээллийг авч байгаа. Монгол Улсыг төлөөлж, Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч оролцож байгаа. Олон орон оролцоогүй юм билээ, Орос, Франц Герман зэрэг.
НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд жил бүр өмнөх Ерөнхийлөгч оролцдог байсан. Энэ удаадаа Монгол Улсад өвөл ойртлоо. Засгийн газар маань огцорчихсон байгаа. Өнөө маргаашгүй шинэ Засгийн газар бүрдэх асуудал яригдана. Ийм учраас энэ удаад оролцсонгүй. Заавал оролцох ёстой гэсэн юм байхгүй гэж тайлбарласан байна.
Мөн жил бүрийн Давосын чуулга уулзалтад өмнөх Ерөнхийлөгч оролцдог байсан. Ирэх жилийн нэгдүгээр сард болох уулзалтын урилга хараахан ирээгүй байгаа учраас оролцох эсэх тухайд шийдээгүй байгаа гэлээ. Тэрээр
-Бид гадаад айлчлалыг Монгол Улсад аль нь хэрэгтэй, ямар ашигтай вэ гэдгийг судалсны үндсэн дээр хийж байгаа гэж тайлбарлалаа.
Х.Баттулга: Сэтгэл байвал хэдэн ч дээлтэй байж болно, дээлгүй ч байж болно.
Ингээд сэтгүүлчдийн асуусан асуултад өгсөн хариултыг хүргэж байна.
-Оффшорт хөрөнгөө нуусан албан тушаалтнуудын асуудал шийдвэрлэгдэхгүй байна?
-Хууль байхгүй байсан учраас оффшорт хөрөнгөө нуусан бол 49 хоногт багтаан оруулаад ир гэсэн уучлал үзүүлсэн. Авлигатай тэмцэх газар /АТГ/ ажиллах ёстой байсан. Яах гэж АТГ-ыг байгуулсан юм. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл хуруугаа хөдөлгөхгүй байгаа, эрх ашгийн сонирхол байна. Байгууллагыг нь шахаж ажиллаж байна.
-Таны Владивостокт хийсэн хэлэлцээртэй холбоотойгоор Хятад улс нүүрсний экспортоо буурууллаа гэх асуудал яригдах боллоо?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ч, дараа нь ч хөршийн эсрэг мэдээлэл явуулаагүй. Сошиалаар янз бүрийн юм цацагдсан. Ардчилсан орны хувьд хааж боогоогүй. Буддын шашинтай тэргүүнийг ирүүлэхгүй байх нь тусгаар тогтносон бүрэн эрхт орны хувьд дотоод асуудал. Бурхан шашнаа шүтэх асуудалд битгий оролцоосой гэж ярьсан. Түүнийг гуйвуулж байгаа хэсэг бүлэг бий. Бид бодит эдийн засагтай байх ёстой. Нэмүү өртөг бий болгосон, ажлын байр бий болгосон улс байх ёстой. Нүүрсний экспорт зогсохоор эдийн засаг унадаг байж таарахгүй.
-У.Хүрэлсүх таныг сонгуулиар дэмжиж ажилласан уу?
-Мэдэхгүй, өөрөөс нь асуу.
-Засгийн газрыг дан дээлтэй сайд нараар бүрдүүлэх ёстой гэж үзэж байна уу?
-Сэтгэл байвал хэдэн ч дээлтэй байж болно, дээлгүй ч байж болно. Эх орноо гэсэн хүмүүс Засгийн газарт гараасай. Манай тамирчид шиг хүмүүс гараасай.
Ийн түүнийг тайлбар өгсний дараа МАН-ын гишүүн, өдгөөгийн Шадар сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуулиар намынхаа эсрэг, Х.Баттулгыг дэмжиж ажилласан нь үнэн юм байна. Ерөнхийлөгч Засгийн газарт хэдэн ч “дээл”-тэй хүн сонгогдож болно гэсэн утгатай зүйл хэллээ гэсэн шуугиан мөн сошиал ертөнцөд тархаад байна.
А.Ану
Сэтгэгдэл байхгүй байна