Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулснаас хойш /2017.09.07/ УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардах бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын даргад илгээсэн. Энэхүү бичгийн хариуд ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагагүй гэсэн хариу өгсөн билээ.
Уламжлал ёсоор УИХ-ын дэгийн тухай хуульд зааснаар намрын чуулганыг жил бүрийн аравдугаар сарын 1-нд нээдэг. Харин энэ жил намрын чуулганы нээлтийг аравдугаар сарын 2-нд хийхээр болжээ. Учир нь аравдугаар сарын 1 ням гариг таарч байгаа юм.
Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын хамгийн эхэнд Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батлах асуудал багтжээ. Ерөнхий сайдаа огцруулсан МАН-ын Бага хурал есдүгээр сарын 25-нд болж, Ерөнхий сайдын нэрээ тодруулан УИХ-ын ээлжит чуулганд танилцуулснаар хуулиар заасан 45 хоногийн хугацаанд Ерөнхий сайдаа томилж амжина гэж үзэж байгаа бололтой.
УИХ-ын ээлжит намрын чуулганаар мөн Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэх, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль, Төрөөс 2018 онд баримтлах Мөнгөний бодлого зэрэг томоохон хуулиудыг хэлэлцэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна