Монгол Улсын эдийн засгийн гүйцэтгэл сайжирч, өсөлтийн хэмжээ хүлээлтээс давлаа гэж Азийн хөгжлийн банкнаас өнөөдөр /2017.09.26/ мэдээллээ.
Монгол Улсын эдийн засаг 2016 онд 1.2 хувиар өссөн бол 2017 оны эхний хагаст 5.3 хувиар өсч, хүчтэй сэргэсэн байна. Эдийн засгийн өсөлтийг сайжруулсан үзүүлэлтийн нэг нь нүүрсний экспорт бол Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсан нь мөн голлох нөлөө үзүүлжээ.
Мөн энэ оны эхний хагаст төсвийн орлого 41.1 хувиар өссөнөөр төсвийн зарлага 9.6 хувиар өссөн ч алдагдал 34.1 хувиар буурч, ДНБ-ний 5.6 хувьтай тэнцжээ. 2017 оны эхний хагас жилд нүүрсний экспорт огцом нэмэгдэж, гадаад худалдааны ашиг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 69.5 хувиар өсч, урсгал дансны алдагдал 42.8 хувиар буурч, ДНБ-ний 5.6 хувьтай тэнцсэн аж.
Гадаад валютын албан нөөц зургадугаар сарын эцсийн байдлаар 2016 оны эцсийнхээс өөрчлөгдөөгүй буюу 1.6 тэрбум доллар байгаа нь 2.6 сарын импортын дүнтэй тэнцсэн. Ингэснээр оны эхнээс зургадугаар сар хүртэлх хугацаанд төгрөгийн ханш ам.долларын эсрэг 5.6 хувиар чангарчээ.
Инфляци эхний хагас жилд дунджаар 3 хувьтай байсан нь 2016 онд төгрөг суларч импортын өндөр үнээр дамжин үнийн өсөлтөд нөлөөлж эхэлсэнтэй холбоотой гэж үзэж байна. Гэхдээ Түлшинд тавигдсан Онцгой албан татвар түлшний үнийн өсөлтөд нөлөөлөөгүй учир инфляци цаашид буурах боломжтой гэж тооцжээ.
Мөн Азийн хөгжлийн банк Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг энэ онд 4 хувь болно гэж тооцсон бол 2018 онд 3 хувь, инфляци энэ онд 3 хувь, ирэх онд 3.4 хувь, төсвийн алдагдал энэ онд -6.4 хувь, ирэх онд -8.5 хувьтай гарах болов уу гэсэн төсөөллийг гаргажээ.
Хэвлэлийн бага хуралд Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Еланда Фернандез Ломмен, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Деклан Магий, эдийн засагч Л.Амар нар оролцлоо.
Сэтгэгдэл байхгүй байна