Засгийн газрын шинэ бүтцийг батлана гэж буй УИХ-ын чуулганы нээлт олон сенсаци дагууллаа. Энэ удаагийн чуулганы нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга анх удаагаа үг хэлж байгаагаараа онцлог. Тэрээр үг хэлэхдээ Авлигатай тэмцэх газрыг чимхээд авав. Сонгуулийн сурталчилгааных нь гол асуудлуудыг нэг болсон оффшорчдыг гэсгээнэ амлалтыг нь АТГ гэгч “нөхөр” биелүүлэхгүй байгаа гэх санааг өмнө нь ч тэрээр байн байн илэрхийлж байсан.
Мөн Ерөнхийлөгчийн олон хүмүүсээс алга ташилт дагуулж байдаг “Монгол ялдаг” яриануудын нэг “Монголд үйлдвэрлэдэг зүйлсийг импортлохыг зогсооно” гэх заазуур үг мөн л дахин алга ташилт дагууллаа. Гэхдээ үүнийг яаж, хэрхэн, ямар байдлаар хэрэгжүүлэх нь одоогоор тодорхойгүй. Арай л социализмын үе шиг шууд зарлиг гаргаад өөрчилчихгүй нь тодорхой. Гэхдээ манай Ерөнхийлөгч энэ мэт зах зээлийг бужигнуулж магадгүй энэ мэт үгийг үе, үе зоригтой хэлж чаддаг болсон.Тэр хэрээр ч дэмжигчид нь уухиалж, харин эдийн засаг гадарлах хэсэг нь толгой сэгсрэх болжээ.
Намын даргын халаагаа удахгүй өгөх гэж байгаа УИХ-ын дарга М.Энхболд Засаг солигдсон ч сонгуулийн амлалтаа биелүүлэх ёстой гэж зуунги өгүүлсэн нь бас л намынхаа “нөхдөд” нэгийг өгүүлж буй санаа гэж ойлгогдохоор.
Ерөнхий сайдаа огцруулаад байгаа 65 гишүүн бүхий үнэмлэхүй олонх МАН энэ удаа хуулийн хугацаанд Засгийн газраа байгуулах нь тодорхой. Харин түүнээс өмнө ямархан маргаан, тохиролцоо дэгдэж байгаа нь одоогоор тодорхойгүй. Тэр хэрээр энэ парламентын хоёр дахь намрын чуулган анхаарал татаж байна.
Намрын чуулганы нээлтийн дараагийн сенсаци нь “Бандаашны хэрэгтэн” гэж нэрлэгдэх болсон УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой асуудлыг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцсэн тухай. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр дэгдсэн Д.Гантулга нэгэн бүсгүйг хүчиндсэн эсэх тухай маргаан даамжирч, олны анхаарал хүрсэн ч хуулийн байгууллага хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн мэдээлэл байгаа.
Харин “Веритас Партнерс” хуулийн фирм гишүүний асуудлыг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэх хүсэлт гаргасан. Одоогоор хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн, хэрхсэн нь тодорхойгүй байна. Уг дэд хорооноос гарсан дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх ёстой юм.
А.Туяа
Сэтгэгдэл байхгүй байна