• Эхлэл
  • Хэвлэлийн тоног төхөөрөмжийн тусламж үзүүлэх төсөл хэрэгжүүлнэ

Хэвлэлийн тоног төхөөрөмжийн тусламж үзүүлэх төсөл хэрэгжүүлнэ

2017/10/04

БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулалтын газраас Гадаадын иргэн, харьяатын газарт хэвлэлийн тоног төхөөрөмжийн тусламж үзүүлэх төсөлтэй холбогдуулан ГИХГ болон ТИКА хооронд төслийн хэлэлцээр үзэглэх арга хэмжээ өнөөдөр боллоо.

Уг арга хэмжээнд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн, Тамгын газрын дарга М.Төрбат, Эрх зүй, гадаад харилцааны хэлтсийн дарга Ч.Тулгацоодол, Боомт, орон нутгийн хэлтсийн дарга Л.Батсүх нар оролцсон бол Туркийн талаас БНТУ-аас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ноён Ахмет Язал,ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Вэйсэл Чифтжи, ТИКА-гийн Улаанбаатар дахь дэд координатор Гүлназ Чэлик нар оролцов.

Уулзалтын үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн ТИКА-ийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулалтын газрын дэмжлэгтэй хийгдэж буй олон төсөл, хөтөлбөр Монгол Улсад амжилттай хэрэгжиж байгаа нь улсын хөгжилд хувь нэмрээ оруулж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд томоохон түлхэц болж байгааг илэрхийлээд, хэвлэлийн тоног төхөөрөмж нь тус газрын үйлчилгээ, холбогдох хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулах тараах материал, мэдээлэл, гарын авлага хэвлэх зэрэг үйл хэрэгт томоохон дэмжлэг болж байна хэмээн онцоллоо. Түүнчлэн “Манай байгууллага цахимаар виз олгох үйлчилгээг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. БНТУ нь цахимаар виз олгох үйлчилгээг амжилттай нэвтрүүлсэн улсын нэг. Энэ утгаараа та бүхнээс сурах, судлах, хамтран ажиллах зүйл их байна” хэмээн тодотголоо.

БНТУ-аас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ноён Ахмет Язал ГИХГ-тай бүхий талаар хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийлээд харилцан туршлага солилцох, сургалт зохион байгуулах, Turkish airlines авиа компаний нислэгээр зорчиж буй гадаадын иргэдэд холбогдох хууль тогтоомжийг сурталчилсан танилцуулга, брошюра тараах боломж бийг уг уулзалтын үеэр онцоллоо.

Уг төсөл хэрэгжсэнээр гадаадын иргэдэд зориулсан мэдээлэл, гарын авлагыг бэлтгэн хэвлэж, хилийн боомтууд болон гадаадын иргэдийн мэдээлэл авдаг сувгуудаар тарааж, байршуулах боломж бүрдэх юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна