Монгол-Хятадын хоёрдугаар экспо Өвөр Монголын нийслэл Хөх хотод есдүгээр сарын 26-30-нд амжилттай болсон. Энэхүү экспогийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн Өвөр Монголын “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-Та Монгол-Хятадын хоёрдугаар экспогийн хэлэлцүүлгүүдэд оролцож, илтгэл тавьсан. Энэ удаад энэхүү экспогийн гол ач холбогдлын талаар товчхон саналаа илэрхийлнэ үү?
-Монгол-Хятадын экспо хоёр дахь удаагаа Өвөр Монголын Хөх хотод болж, Монголын олоэ зуун бизнес эрхлэгчид оролцож, бизнесийн түншээ олж, бараа, бүтээгдэхүүнээ Хятадын зах зээлд гаргах гарцаа олж, хоёр улсын олон компани хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ утгаараа Монголын хувийн хэвшлийг дэмжихэд чухал ач холбогдолтой экспо болж байна. Тийм ч учраас энэ арга хэмжээний давтамжийг улам нэмэгдүүлэх ёстой юм байна гэж би бодож байна. Экспогийн зэрэгцээ олон янзын хэлэлцүүлэг, чуулга уулзалт, олон улсын хэмжээний урлаг, спортын үзүүлбэрүүд болж байна. Мөн Монголын Засгийн газар томоохон төсөл хөтөлбөрүүд, Монголын хөрөнгө оруулалтын нөхцөл, эрх зүйн орчноо хөрөнгө оруулагч нарт танилцуулж байгаа нь гаднаас хөрөнгө оруулалт татах сайхан боломжийг бүрдүүлж байна. Энэ хүрээнд БНХАУ, Гонконгийн хөрөнгө оруулагчид зөвхөн уул, уурхайн салбар гэлтгүй уул уурхайн бус салбарыг их сонирхож байна. Монгол Улсын хувьд байгаль орчинд ээлтэй, технологийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, гадаад түншүүдтэйгээ харилцан ашигтай хамтран ажиллахыг хүсч байгаагаа илэрхийлж байгаа. Үүнийхээ хэрээр ч үр дүн гарч байна. Тийм учраас яг энэ экспо шиг Монгол-Японы, Монгол-Америкийн, Монгол-Оросын экспог олноор нь зохион байгуулж, тогтмолжуулж, цар хүрээг нь нэмэгдүүлж байвал улс орны хөгжилд чухал ач холбогдолтой юм байна гэж би харж байгаа, бас дэмжиж байгаа.
-Экспогийн үеэр олон чухал асуудлуудыг хөндсөн форум, хэлэлцүүлэг өрнөлөө. Эдгээрээс хамгийн чухал нь юу гэж та бодож байна вэ?
-Хамгийн чухал нь мэдээж, Монгол Улс бараа, бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах. Мөн өдөр тутам өөрчлөгдөж байгаа техник, технологийн дэвшил, шинэ үйлдвэрлэлийг Монгол Улсдаа нэвтрүүлэх шаардлагатай байгаа. Энэ агуулгаараа экспо маш чухал ач холбогдолтой. Энэ экспогийн хүрээнд үйлдвэрлэлийн шинэ технологийг танилцуулж, Монголтой, монголчуудтай хамтарч ажиллахыг хүсч байгаа олон арван хөрөнгө оруулагчид саналаа илэрхийлж байна. Энэ бол маш сайн зүйл. Энэ хэрээр Монгол Улс бизнесийн эрх зүйн орчноо улам сайжруулж, гадаад харилцаагаа улам сайжруулах ёстой гэж би харж байгаа.
Өвөр Монголын “Өдрийн сонин”-ы тусгай дугаар. 2017.09.29
Холбоотой мэдээллүүдийг дор дарж уншина уу
Л.Болд:Бид нээлттэй, тогтвортой орчин бүрдүүлэх ёстой
Өвөр Монгол анд нөхөддөө баярлалаа
Б.Лхагважав:Өвөр Монголын зах зээл-том гарц, том боломж
Сэтгэгдэл байхгүй байна