Цагдааг доромжлон, танхайрч, “Салаавч” гэдэг нэртэй болоод байгаа Ц.Баярцогтын торгуулийн арга хэмжээг 2017.10.03-нд болсон шүүх хурлаар цуцалсан нь олон нийтийн дунд төөрөгдөл үүсгэж, шуугиан тарж байгаа. Шүүх байгууллагын зүгээс шийтгэл давхардуулахгүй, мөн торгуулийн арга хэмжээ авсан нотлох баримт хавсаргаагүй гэх мэт шалтгаан тайлбарласан. Гэхдээ прокурорын зүгээс баривчлах арга хэмжээ авах дүгнэлт ирүүлээд байгаа, үүнийг цаашид прокурорын байгууллага үргэлжлүүлэн шалгах болно гэж тайлбарласан ч торгох ч үгүй, баривчлах ч үгүй өнгөрөөх нь. Мөнгөтэй, улс төрийн хамгаалалттай хүнд хууль үйлчилдэггүй юм байна гэсэн шуугиан тариад байгаа.
Тэгвэл Прокурорын газраас энэ талаар 2017.10.04-нд дахин тайлбарлаж мэдээлэл хийлээ.
Үүнд прокурорын байгууллагаас Ц.Баярцогтын гаргасан үйлдэл нь төрийн албан хаагчийн хууль ёсны үйл ажиллагааг эсэргүүцсэн, хэл амаар доромжилсон гэх зөрчил биш. Харин “олон нийтийн газар бусдыг өдөөн турхирч, танхайрсан зөрчил байна” хэмээн үзэж байгаа аж. Ингэснээр торгуулийн шийтгэлийг хүчингүй болгож дахин өөр шийтгэл оногдуулах санал гаргасан тухайгаа нийслэлийн Прокурорын газрын хэлтсийн дарга А.Цэрэнсодном тайлбарлав.
Өөрөөр хэлбэл, Ц.Баярцогтын торгуулийн шийтгэлийг хүчингүй болгосон ч баривчлах эсэхийг тусад нь шалгана, зөрчлийг үргэлжлүүлэн шалгах эрх прокурорын байгууллагад хэвээр үлдээсэн гэлээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр Сүхбаатар дүүргийн прокурорын газрын зөрчил шалгах хяналтын прокурор Б.Цэцэгмаа “Шүүх оролцогчийн гомдол гаргах эрхийн 14 хоног нь дуусах үед дахин хэрэг үүсгэж зөрчлийн тухай хуулийн 15.2.1.1-д зааснаар тухайн этгээдэд хуульд заасан хорих буюу баривчлах шийтгэлийг гаргахаар төлөвлөж байна” гэсэн хариулт өгөв.
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ:Ийн Ц.Баярцогтыг баривчлах эсэх тухай шуугиан дэгдэж байх зуур түүнтэй холбоотой бас нэг хэргийг Сэлэнгэ аймгийн шүүхэд /2017.10.04/хэлэлцэн, Ц.Баярцогтыг саатуулахаар болсон гэсэн мэдээлэл гарч уурласан хүмүүсийг бага зэрэг тайвшруулав.
Гэхдээ энэ нь цагдаагийн ажилтанд салаавч өгсөн хэргийн тухайтад бус өөр хэрэг. Тухайлбал өмнө нь хууль бусаар ашигт малтмал олборлохын тулд бусдын хөрөнгийг залилсан, шалгагдаж байх үедээ Тоёото Ланд круйзер машинтай явж байхдаа нэгэн иргэний цохиж гэмтээсэн, үүнийгээ шүүхэд мэдүүлээгүй гэсэн хэрэгтээ баривчлан саатуулагдахаар болжээ. Түүнийг цагдааг доромжилсон хэргийн бичлэг сөхөгдөнгүүт өмнө удаа дараа залилан, танхай хэрэг хийж байсан гэсэн мэдээлэл гарсан нь энэ бололтой.
Түүнээс гадна яг Ерөнхий сайд солигдох цаг үед Ц.Баярцогтын бичлэгийг дэвэргэх болсон нь огцорч байгаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай холбогдох гэсэн оролдлого гэсэн тайлбар гарч байсан юм.
Ямартаа ч тэрээр залилангийн болон бас нэг хүн зодсон хэрэгт холбогдсон нь тодорхой болж, таслан шийтгэх арга хэмжээ авагдаж, хоригдов. Прокурорын байгууллагаас тайлбарласнаар бол 14 хоногийн дотор түүний цагдаагийн ажилтныг доромжлон танхайрсан хэрэгт баривчлах ял оноох эсэхийг шийдэх боломжтой. Тэгэхээр аль хэрэгт нь ямар шийтгэл оноож байгаа талаар дахиад л баахан маргаан дэгдэх бололтой.
А.Ану
Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу.
Салаавч гаргасан Ц.Баярцогтын торгуулийг хүчингүй болголоо
Сэтгэгдэл байхгүй байна