• Эхлэл
  • Өвөрмонголчууд монгол гэрийг ихэд сонирхож байлаа

Өвөрмонголчууд монгол гэрийг ихэд сонирхож байлаа

2017/10/09

Өвөр Монголын Өөртөө засах улсын нийслэл Хөх хотноо болсон Монгол Хятадын хоёр дахь удаагийн экспод Монголын 300 гаруй аж ахуйн нэгж оролцон бараа бүтээгдэхүүнээ танилцуулсан. Тэдгээрээс Өвөр Монголын "Өдрийн сонин"-ы тус экспод зориулсан тусгай дугаарт танилцуулагдсан Монголын бизнес эрхлэгч,  аж ахуйн нэгжүүдийн төлөөллийн талаарх мэдээллийг хүргэж байна. 

Худалдан авалт сайн байгаа учраас бидний хувьд   сэтгэгдэл өндөр байна

“Зүүн сайн” компанийн менежер В.Дуламсүрэн:

-Үзэсгэлэн худалдаанд хэд дэх удаагаа оролцож  байна. Хэдэн нэр төрлийн ямар бараа бүтээгдэхүүнтэй ирэв. Борлуулалт хэр байна?

-Манай  компани энэ үзэсгэлэнд анх удаагаа оролцож байна. Бүрэн тавилгатай гурван  гэртэй ирсэн. Монголын Морин спорт уяачдын холбоо, ХХААХҮЯ, үйлдвэр дэмжигч холбооны дэмжлэгээр бид  энэ үзэсгэлэнд оролцож байна. Бидний зорилго бол нэгдүгээрт, Монгол гэрээ сурталчлах.  Хоёрдугаарт, үнэт эдлэл, мөнгөн аяга, эмээл, хазаар, ташуур, гөлөм, нэмнээ  зэрэг морины эдлэл хэрэглэл худалдаалж байна. 

-Танай ямар бүтээгдэхүүнийг илүүтэй сонирхож худалдан авч байна вэ. Өнгөрсөн хугацаанд хүмүүс юуг илүү сонирхож байна?

-Монгол гэрийг их сонирхож байна. Монгол гэр авна гэж захиалга өгч байна. Морины эдлэл, хэрэгсэл  ихээр борлогдлоо. Бидний энэ сууж байгаа гэр бол найман ханатай гэр. Гэрийн мод болоод тавилга бүрэн сийлбэртэй учраас үзэмжтэй харагдаж байх шиг байна. Бас бид уламжлалт цагаан идээ болох хэвийн боовоороо идээ зассан. Орж ирсэн хүмүүс манай цагаан идээнээс идээд, сууж тухлан гэрийн дотор талтай танилцаж сайхан сэтгэгдэлтэй гарч байна. Худалдан авалт сайн байгаа учраас бид нарын хувьд  ч сэтгэгдэл өндөр байна.

-Суран эдлэлийн худалдан авалт сайн байна гэлээ. Өвөрмонголчууд өөрсдөө сур хэрхэн боловсруулдаг юм бол. Та бүхний авчирсан сур чанарын хувьд ялгаа байна уу?

-Манай Монголын сурыг их сонирхож байна. Эндэхийн сур чанарын хувьд жаахан тааруу байгаа нь боловсруулж байгаа аргаас болдог байх. Манайх бол Монголын уламжлалт  аргаараа шар сүүндээ гандаж хийсэн сур. Энд сурыг  химийн аргаар боловсруулдаг байж магадгүй. Би сайн мэдэхгүй байна. Ямартай ч манай суран эдлэлийг маш их сонирхож байна. 

-Эмээл бас  гүйлгээтэй байгаа харагдсан. Мөнгөн тоноглолтой эмээлийг ямар хүмүүс сонирхож байна?

-Ер нь мөнгөлсөн үнэт эдлэл их сонирхож байна. Малчид бололтой хүмүүс  өнөөдөр орж ирсэн. Тэд мөнгөн тоногтой эмээл сонирхож байгаад гарсан. “Үр хүүхдүүддээ өвлүүлж үлдээх тухай болон Монголоос оруулж ирсэн чанартай, цэвэр сорьцтой, орц сайтай байдаг” тухай ярьцгааж байсан.

“Хуба Хаяа”-г Хятадын зах зээлд гаргана

-“Хуба хаяа“ брэнд монголчуудад хэдийн танил болсон. “Хаан жимс” компани өмнөх Экспод оролцсон уу?

-“Хуба хаяа” брэндийн чацарганы тос, охиор энэ жил анх удаагаа Экспод оролцож байна. Чацаргана жимс хүний биед шаардлагатай маш олон төрлийн амин дэмийг агуулдаг монголчууд “хаан жимс” гэж нэрлэдэг. 50 гармын савлагаатай нэг ширхэг чацарганын охийг ууснаар өдөрт шаардлагатай бүх төрлийн амин дэмээ авч чаддаг. Чацаргны тосыг ходоодны шарх эмчлэхэд хэрэглэдэг, олон талын анагааах чадвартай.

-Охийг зөвхөн дангаар нь уух ёстой юу? Жимсээ хаанаас  авдаг вэ?

-Охийг дангаар нь ууж болно. С амин дэмд мэдрэг хүмүүс бол шингэлж ууна. Манайх жимсээ Увс, Сэлэнгэ аймаг, Тэрэлжийн “Хаан жимс”, Төв аймгийн Сэргэлэн сумын “Хаан жимс” жуулчны баазад өөрсдөө тарьж ургуулдаг. Монгол нутгийн эрүүл хөрсөнд ургасан органик бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах зорилготой анх удаагаа Экспод орж байна. Манай бүтээгдэхүүнийг хятад хүмүүс их сонирхож байна. Удахгүй Хятадад ургацын баяр болох учраас бэлгэнд өгөх гэж нэлээд сонирхож авч байх шиг байна. Үүнд зориулаад 50 тм-тай 6 ширхгээр бэлгийн багц болгоод зарж байгаа.

-Гадаадад гаргадаг уу?

-Япон, Өмнөд Солонгост гараад эхэлчихсэн. Монголчууд олноороо амьдардаг учраас өөрсдөө авч яваад хэрэглэдэг, зарж борлуулдаг болсон. Компани бол албан ёсоор гадагшаа гаргаагүй, одоохондоо яриа хэлцлийн түвшинд байгаа. Хятадад бас гаргахаар 2-3 компанитай ярьж байна. Өвөр Монголчууд манай бүтээгдэхүүнийг маш их сонирхож байна.

-Орц найрлага нь юу вэ. Ямар технологиор үйлдвэрлэж байна?

-Ус болон сахар огт нэмээгүй, чацарганы үр болон хальсийг шахаж аваад савласан цэвэр жимс. ” –“Хуба Хаяа” үйлдвэр нь олон улсын стандарт хангасан Герман технологийн үйлдвэр. Манай үйлдвэрийн нээлтэд ирсэн япон инженер “Энэ бол Монголд байтугай Азид байхгүй үйлдвэр байна” гэж хэлсэн.

 

Өвөрмонголчууд ширмэл эдлэл их сонирхдог юм байна

 

“Хаадын гэр” компанийн менежер Э.Батболдтой ярилцлаа.

-Экспогийн талбайд барьсан танай монгол гэр олны анхаарлыг нэлээд татаж байх шиг байна..? Танайх энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд хичнээн нэр төрлийн бүтээгдэхүүнтэй ирэв?

-Манай компани өмнөх экспод үйлдвэр эрхлэгч нартай холбоо тогтоох зорилгоор ирж оролцож байсан. Харин өнөө жил бүтээгдэхүүнээ танилцуулж худалдахаар ирээд байна. Энэ жил манайх  иж бүрэн тавилгатай хүннү загварын гэр авчирч Хөх хотын иргэдэд танилцуулж байна. Гэрээс гадна эсгий эдлэл, ширмэл  эдлэл, модон эдлэл гээд өөрсдийн үйлдвэрлэж буй  бүх бүтээгдэхүүнээ авчирсан. Тодруулбал, эсгий шаахай, буйдангийн бүтээлэг, ханын зураг  гээд энд байгаа бүх эд зүйл гар ажиллагаагаар хийгддэг. Материалийн хувьд  цэвэр  байгалийн гаралтай, амьтны гаралтай түүхий эдээр  хийддэг. Энэ утгаараа манай бүтээгдэхүүнд өртөг үнэ, сэтгэл шингэсэн байгаа.

-Худалдан авалт хэр байна?

-Экспо өргөн цар хүрээтэй сайхан болж байна. Манайхаас одоогийн байдлаар эсгий шаахай түлхүү зарагдаж байна. Ширмэл эдлэл сонирхож байна. Өвөрмонголчууд ширмэл эдлэл их сонирхдог юм байна. Өөрийнх нь гэр сууцанд хэмжээ нь яг таг таарахгүй байгаа учраас захиалга өгч байна.  Өөрсдийн хүссэн хэмжээгээ өгөөд захиалга өгч байна. Худалдан авалт сайн, захиалга ихтэй ч байна. Бид сэтгэл хангалуун байна. 

-Бусад ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг газруудаас давуу тал нь юу вэ?

-Манайхаас гадна  хоёр компани  гэр оруулж ирсэн. Манай гэрийг мэргэжлийн уран дархан болоод судлаач хүмүүс хийдэг. Тиймээс загвар болоод чанарын хувьд өрсөлдөгч тал дээр санаа зовохгүй байна. Эсгий эдлэл,  ширмэл эдлэлийн хувьд ч ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг газрууд ирсэн байгаа. Ихэнх газрууд бүтээгдэхүүнээс гараар биш машинаар хийсэн байдаг учраас  өртгийн хувьд  манайхаас бага байж болно. Гэхдээ манай бүтээгдэхүүн ширхэг бүрийг гараар урладаг учраас чанарын хувьд эрс ялгаатай бат бөх байдаг. 

-Түүхий эд материалаа  бүгдийг нь Монголдоо бэлддэг үү?

-Цэвэр Монгол үндэсний бүтээгдэхүүн. Бид “Монгол ноос” компаниас  ноосоо  авдаг. Тэдний угаасан ноосоор эсгий эдлэлийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Модоо монголоос авч байна. Түүхий эдээсээ авахуулаад эцсийн бүтээгдэхүүн хүртэл бид 100 хувь гар аргаар Монголдоо хийж байна.

-Эсгий эдлэлийг яаж арчилдаг юм бол. Бас ноосны зунгагны  үнэр  их хурц. Танайх бүтээгдэхүүнийхээ үнэрийн асуудлыг маш сайн шийдсэн байна. Харин яаж гэдгийг хэлж өгөөч ?

-Худалдан авалт хийж байгаа хүмүүс энэ хоёр асуултыг байнга асуудаг. Эсгий ширдэг болоод  ханын эсгий зургийн хувьд хивс цэвэрлэдэг бүтээгдэхүүн шүргээд л хялбархан арчилж болно. Ноосны үнэрийн тухайд манайх “Монгол ноос” компанийн угаасан ноос авдаг. Маш сайн угаасан ноосны ноолуурлаг хэсгээр бид бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг учраас үнэр гарах асуудал байхгүй болсон. 

 

Монгол хүний түүхийг шингээсэн нүүдэлчин соёлын бүтээл

 

-Компанийнхаа тухай, Экспод авчирсан бүтээгдэхүүнээ танилцуулна уу?

-“Талын эзэн” компанийн “Наад” брэндээс гаргасан Мимо гэрээр Экспод оролцож байна. Мимо гэр маань 30 см диаметртэй, өндрөөшөө 15 см сунадаг, хүнсний зориулалттай хуванцраар хийсэн учраас хүүхдийн эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөөгүй. Унины доод сагалдарга, дээд углуурга бат бэх хийгдсэн болхоор тоонноос өргөөд явахад гэр маань салахгүй, 256 жижиг хэсгээс бүрдсэн бүрэн тавилгатай угсардаг гэр. Бага насны хүүхэд монгол ахуй, монгол соёлоо таньж мэдэхэд дөхөм тоглоом байна аа. Мимо гэрийн барих нь монгол гэр барих аргачлалтай ижил учраас энэ гэрээр тоглож өссөн хүүхэд монгол гэрээ төвөггүй барьчихна. Гэр барих аргачлал, заавар, бүх танилцуулгыг англи, монгол хэл дээр дагалдуулж байгаа. Ш.Дулам доктор манай компанийн зөвлөхөөр ажилладаг. Бэлэгдэл зүй, зүг чигийн билэгдэл талаас гэр доторх тавилгуудын байрлал ямар утга учиртай гэх мэтчилэн бүгдийг танилцуулгад оруулсан байгаа.

-Ижил төрлийн өөр бүтээгдэхүүн бий юү?

-Бид 20 см диаметртэй арай жижиг хувилбарыг гаргахаар ажиллаж байна. Үйлдвэрлэлийн бүх шат дамжлагыг монголдоо хийж байна. 12 жижиг дунд үйлдвэр, аж ахуй нэгж нийлж энэ гэрийг хийдэг, 12 компанийн дундын бүтээл болж гарч байна. Хуванцрыг хуванцрын үйлдвэрт хийнэ, эсгийг эсгийн үйлдвэрт, оёдлыг оёдлын үйлдвэрт гэхчлэн. Дээр нь бид өрх толгойлсон эхчүүдийг ажлын байраар хангах зорилготой, гэрийн бүслүүр, дээвэр туурга гэх мэтчилэн оёж шидэх ажлыг тэд хийж байна. Нэлээн олон хүний үрэлдэхүүнтэй, олон шат шат дамжлагтай үйлдвэрлэл явж байна. Дэлхийн стандартад нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг Монголоосоо төрүүлсэн.

-Хүчин чадал хэр вэ? Том зах зээлд зориулж бөөнөөр үйлдвэрлэх үү?

-Хүчин чадал сайтай, олноор үйлдвэрлэх боломжтой. Захиалгаа яаж авахаас шалтгаалдаг. Одоогоор Өмнөд Солонгос, Япон, Германы зах зээлд гаргасан. АНУ руу бас цөөн тоогоор явуулж эхлээд байна.

Дотоодын борлуулалтын бас тодорхой хувь нь гадагшаа гардаг. Дотоодоосоо авч байгаа боловч гадагшаа зориулж авдаг гэсэн үг. Бэлэг дурсгалын зориулалтаар, эсвэл гадаадад амьдарч байгаа бага насны хүүхдэдээ зориулж авч байна. 3000 жилийн түүхтэй монгол гэр бол монгол хүний бүхий л түүхийг өөртөө шингээсэн нүүдэлчин соёлын бүтээл юм даа.

-Өрөө тасалгаанд багтдаг, дотор нь орж тоглож болохоор томоор үйлдвэрлэх үү?

-Төлөвлөгөөнд бол байгаа, загвар нь хараахан бэлэн болоогүй байна. Анхны загвараа гаргахын тулд гурван жил туршилт хийж, 12 төрлийн модон гэр хийж байж энэ бүтээгдэхүүн маань гарсан. Модон бүтээгдэхүүнийг гадагшаа гарахад асуудалтай юм билээ. Модон бүтээгдэхүүн учраас гарал үүсэл шаарддаг, дээр нь стандарт болж чаддаггүй. Hand made учраас үйлдвэрлэл болох боломжгүй. Тиймээс хүнсний зориулалттай хуванцраар хийсэн.

 

 

 

ӨМӨЗО-ны үзэсгэлэн экспог зохион байгуулагч байгууллагад гүн талархалаа илэрхийлье!

“Монланс” компанийн захирал Б.Сүхээ  ийнхүү ярилаа. “Манай “Монланс” компани нь 1990 онд байгуулагдсан анхны арьс ширэн эдлэлийн үйлдвэр.Монголын сайн чанарын арьсаар орчин үеийн чиг хандлага, уламжлалт аргыг хослуулан бүтээсэн эрэгтэй, эмэгтэй цүнх, бичгийн хавтас, түрийвч гээд олон төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн эх орны болоод гадаад зах зээл дээр борлуулж байна.

Энэ удаагийн  экспод  оролцогчдын  тоо  нэлээд  нэмэгдсэн байна. Бид өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнээрээ дэлхийн нэр хүндтэй олон үзэсгэлэнд оролцож эх орныхоо нэр хүндийг өргөсөөр ирсэн.  Энэ удаагийн “Монгол Хятадын  хоёр дахь  экспо” бол миний хувьд сайхан болж байна. Бид Америк, Япон, Герман, Бельги, ОХУ-ын Москва хотноо, Бээжин, Хөххот,  Эрхүү  гээд олон оронд зохиогдсон үзэсгэлэнд оролцож байлаа.

ӨМӨЗО-ны үзэсгэлэн экспог зохион байгуулагч байгууллагад гүн талархалаа илэрхийлье.Хоёр орны хамтын ажиллагаа өдрөөс өдөрт өргөжин дэлгэрэх болтугай гэв.

Хармагийн цай бол эрүүл мэндийн бүтээгдэхүүн

-Та өөрийгөө танилцуулна уу? Энэ ямар компанийн ямар бүтээгдэхүүн бэ?

-Намайг Бүдээгийн Баярчимэг гэдэг. “Алтайн хармаг” компанийг 2017 онд байгуулсан. Байгалиа хамгаалья, эдийн засгаа чадавхижуулья гэсэн зорилготой бизнес эрхлэгч эмэгтэйчүүд нийлж байгуулсан. Компанийн төв Өмнөговь аймагт, үйл ажиллагаа Улаанбаарт явуулж байгаа. Хармагийн цайгаар энэ удаагийн Экспод оролцож байна. Говь нутагт ургадаг хармаг жимсийг түүж хатаагаад цайны нунтаг технологиор хийсэн. Огт хольцгүй жимсээрээ, цоо шинэ бүтээгдэхүүн. Хармагийн цайг хийхийн тулд судалгаа шинжилгээний ажил таван жил хийсэн. Эхэндээ шүүс хийж үзсэн боловч хадгалалтын хугацаа богино байсан учраас цай болгож үйлдвэрлэсэн. Эмчилгээний чанартай. Би өөрөө гурван жил ууж байна. Сахартай байгаад одоо бүрэн эдгэсэн. Даралт тэнцвэржүүлнэ, сахар буулгана, бүх төрлийн ач холбоогдолтой. Нутгийн хүмүүс бэлгийн чадавхи сайжруулдаг гээд их уудаг, жимсээр нь иддэг. Говь нутагт намартаа хармаг ургасан газар чоно, шувуу, зэрлэг амьтад, мал бүгд хармаг идэж гэдэс дотроо цэвэрлэдэг. Жимс боловсорсон үеэр яваад үзвэл андашгүй, баас нь байж байдаг.

-Та ямар мэргэжилтэй хүн бэ?

-Би эдийн засагч мэргэжилтэй. DJL projeck.com гэж төслийн түншлэлийн талбар ажиллуулдаг “Галт уул” компанийн үүсгэн байгуулагч. Байгаль хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаад түүнийгээ бүтээгдэхүүн болгож, бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаад эргээд байгалиа хамгаалах зорилготой.

-Хармаг жимс хаана ургадаг вэ?

-Хармагны сондуул их элбэг ургадаг боловч маш бага жимс өгдөг. Өмнөговь, Дорноговь, Баянхонгор аймгуудад ургадаг боловч цөлжилтэд өртөөд хамгаалалтад авах шаардлагатай болсон ургамлын нэг дээ. Одоохондоо тарьж ургуулддаггүй, зэрлэг жимс. Тарьж туршиж бол үзсэн, сайхан л ургадаг юм билээ. Яг хамгаалалтад авья гэхээр нэлээн том эдийн засаг хэрэгтэй, олон хүний санал санаачилга, хүч хөдөлмөр шаардагдах учраас ганц компани хийх боломжгүй. Тийм учраас туршилтын журмаар хийгээд Хятадын зах зээлд танилцуулаад энэ том зах зээл рүү гарах боломж хайж ирсэн. Хятад хүмүүс маш их сонирхож, амталж үзэж байна. Өвөр монголчууд бол бараг 70-80 хувь нь хармагийг мэдэж байна. Ер нь бол энд ургадаг гэсэн. Бас л манайтай адил цөлжилтөд нэрвэгдээд ховордсон ургамал юм байна. Биднийг хүүхэд байхад бол их элбэг байсан.

-Ямар орцтой вэ?

-Яг сайхан байгалийн цэвэр жимсээрээ. 99,5 хувийн хармаг жимс, 0,5 хувийн халгай байгаа. С амин дэм ихтэй учраас исгэлэн амтагдах магадлалтай. Үүнийг нь зөөллөөд 0,5 хувийн халгай хийсэн.

-Танд амжилт хүсье.

 

Экспод эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр оролцож байна

 

-Та сайн байна уу? Экспод оролцож байгаа бүтээгдэхүүнээ танилцуулна үү?

-“Хөвсгөл Их тайга” компани хоёр дахь удаагаа Хөх хотын Экспод ирж байна. Эхний удаа маш амжилттай оролцсон учраас энэ удаа 12 төрлийн бүтээгдэхүүн авчирсэн. Дэр жинтүү, цай, сироп гэх мэтчилэн. Дэр жинтүү дотроо агь ганга, цагаан уул цэцэг, самрын боргоцой гээд дандаа эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдтэй.

-Ямар бүтээгдэхүүн илүү гүйлгээтэй байна вэ?

-Дэр жинтүү, сироп их гүйлгээтэй байна. Бас цайг сонирхож байна. Өөрсдөө цайны орон, цай соёл ихтэй учраас илүү сонирхож б айна л даа. Монгол цай их гоё байна гэсэн.

Өвөр Монголын "Өдрийн сонин"-ы тусгай дугаар. 2017.09.28 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна