АНУ-ын Мэрилэнд мужид өчигдөр (2017.10.18) тавилгын нэгэн компанийн ажилтан хамтран ажилладаг таван хүнийг буудаж, гурвыг нь хөнөөгөөд машинтай зугатахдаа дахин нэг хүнийг буудсан байна. Амиа алдсан хүмүүсийн дунд 53 настай Түдэвийн Баярсайхан гэсэн нэр байгаа учраас Монголын иргэн амиа алджээ гэсэн мэдээлэл тархаад байгаа.
Энэ талаар Гадаад харилцааны яамнаас албан мэдээлэл гаргасан байна. Үүнд:
АНУ-ын Мэрилэнд мужид 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр буюу өчигдөр америкийн иргэн хамт ажиллаж байсан 5 хүнийг буудаж, 3 нь нас барсан хэрэг гарсан. Олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нас барсан иргэдийн дунд монгол иргэн байсан гэсэн мэдээллийн дагуу Гадаад харилцааны яамнаас холбогдох арга хэмжээ авч, ар гэртэй нь холбоо тогтоосон болно.
Нас барсан иргэний ар гэрийн хүсэлтийг хүндэтгэн дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.
Гадаад харилцааны яам Вашингтон дахь ЭСЯ-аараа дамжуулан талийгаачийн ар гэрт шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлэх болно гэсэн байна.
Орон нутгийн цагдаа нар гэмт этгээдийг 37 настай Ради Лабиб Принц гэгч болохыг тогтоосон бөгөөд буун дуу гарснаас хойш арван цагийн дараа баривчилжээ. Гэмт этгээдийг өчигдөр орой баривчилж, ажлын байран дээрээ аллага үйлдсэн хэрэгт сэжиглэн саатуулж байгаа гэнэ.
Орон нутгийн цагдаа нар одоогоор гэмт хэргийн шалтгааныг тогтоогоогүй байна. Принц гэгч өмнө нь Мэрилэнд болон Делавер хотод танхайн хэд хэдэн хэрэгт орооцолдож байсан гэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна