• Эхлэл
  • Отгонтэнгэр уулнаас долоон цогцос олсон гэжээ

Отгонтэнгэр уулнаас долоон цогцос олсон гэжээ

2017/10/23

-Сураггүй болсон 17 аялагчийн дунд таван эмэгтэй, гэр бүлийн дөрвөн хүн байгаа гэнэ-

Завхан аймгийн Отгонтэнгэр хайрханд энэ сарын 21-нд авиралт хийсэн 17 хүн сураггүй болж иргэдийг аврах хайж байна гэсэн мэдээлэл гарсах билээ.

Отгонтэнгэр рүү авиралт хийсэн уулчид оргилоос 50 метр орчимд зайд гурван цуваа болон бууж явахад нь цасан нуранги үүсэж, урд хэсэгт явж байсан хоёр бүлгийн 17 уулчин нурангид дарагдаж, сураггүй болжээ.

Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчид болон мэргэжлийн уулчид ууланд авирч тандалт хийсний дараа эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Мөн уулчид, аврагчид хэргийн газар руу явж, туслалцаа үзүүлж байгаа юм байна.

Сураггүй болсон аялагчид Монгол Улсын гавьяат уулчин н.Сүрэнжаваар ахлуулж явсан. Сүрэнжав нь туршлагатай уулчин юм байна..

Анх тэднийг ууланд авирахаар очиход нь Отгонтэнгэр уулын өвөр хэсгийн байгаль хамгаалагч Ш.Батмэнд  “Отгон тэнгэр хайрханд авирах боломжгүй, 2015 оны БОАЖЯ-ны сайдын тушаалаар авиралт хийхийг хориглосон” гэдэг мэдээллийг танилцуулсан байна.

Аравдугаар сарын 21-ний өдөр хоёр жолооч, нэг хүнээс бусад нь буюу нийт 27 хүн өглөө эрт дээрх ууланд авиралт хийгээд бууж явахад нь цасан нуранги үүссэнээс хоёр хэсэг салсан гэсэн мэдээлэл байсан юм. Тэгвэл өнөөдөр 13.00 цагийн байдлаар уулнаас гурван цогцос олсон гэсэн мэдээлэл тархаад байна. Гэхдээ Онцгой байдлын газраас албан ёсны мэдээлэл гаргаагүй, бас энэ мэдээллийг няцаагаагүй байна. Ямар ч гэсэн нөхцөл байдлын талаар удахгүй мэдээлэл өгнө гэсэн зар тараад байна.

Нэмэлт мэдээлэл:ОБЕГ-аас орон нутагт ажиллаж байгаа эрлийн багийг удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа шуурхай бүлгээс 11:30 цагт нэг хүний цогцос, 11:40 цагт хоёр хүний цогцос, 13:07 цагт дөрөв дэх, 14:28 цагт тав дахь цогцсыг оллоо гэж мэдээлэв. Цогцоснуудыг далайн төвшнөөс 3200 метрийн өндрөөс олсон байна.

15.00 цагт ОБЕГ-аас мэдээлэл хийж, долоон цогцсыг олоод байгаа бөгөөд эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байна гэв.

Ослын газарт ОБЕГ-аас 5, Аврах тусгай анги-8, Нийслэлийн Аврах анги-4, Давтан сургалт, сэргээн заслын төв-1, Завхан аймгийн Отгон сумаас 10, Гэмтэл согог, сэргээн засах үндэсний төвөөс -5, Зэвсэгт хүчний жанжин штабаас 4, Завхан аймгаас 4 уулчин, Уулчдын нэгдсэн холбооноос 4 уулчин, Завхан аймгийн Цагдаагийн газрын 10, Шүүхийн шинжилгээний албаны 4, Нэгдсэн эмнэлгийн 10, Завхан аймгийн Онцгой байдлын газрын 12, Ховд аймгийн Онцгой байдлын газрын 5, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын 5, Увс аймгийн Онцгой байдлын газрын 7, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 6, нийт 111 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа аж. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна