Отгонтэнгэр ууланд осолдсон уулчдыг аврах, эрэн хайх ажиллагаа явуулж өчигдөр буюу 2017.10.23-ны 18.00 цагийн байдлаар сураггүй болсон 17 уулчнаас 10-ынх нь цогцсыг олсон талаар мэдээлсэн. Өчигдөр харанхуй болж , эрсдэл ихтэй байсан учраас эрлийг түр зогсоон, өнөөдөр 06.00 цагаас эрлийг үргэлжлүүлсэн байна. Аврагч, уулчдын хамтарсан багийнхан өнөөдөр 09.43 цагт дахин хоёр хүний цогцсыг оллоо. Үлдсэн таван иргэн амьд байгаасай гэсэн итгэлээр онцгойгийнхон шуурхай ажиллаж байна.
Аврагчид осолдсон иргэдийн цогцсыг 3200-3400 метрийн өндрөөс дамнуургаар буулгаж байгаа бөгөөд уулын цас дагтаршиж, хунгарласан тул ажиллагааг явуулахад хүндрэлтэй буйгаа Улсын Онцгой комиссын шуурхай бүлгээс мэдээлэв. Эрлийн багийнхан хайрхны бэлээс дээш 2775 метрийн өндөр хээрийн штаб байгуулан байрлан ажиллаж байгаа юм. Мөн Цагдаагийн ерөнхий газрын дарга Ө.Энхтөрөөр ахлуулсан цагдаагийн алба хаагчид хэргийн газрыг хамгаалалтад авч, хэргийн газрын үзлэгийг хийж байна. Мөн амьд үлдсэн 10 хүн болоод байгаль хамгаалагч зэрэг шаардлагатай хүмүүсээс тайлбар, мэдүүлэг авч байна. Мөн цогцсыг таниулах ажиллагаа хийж байгаа ч танихад хэцүү байгаа талаар эх сурвалж мэдүүлжээ.
Амьд үлдсэн 10 хүнийг өнөөдөртөө багтааж Зэвсэгт хүчний жанжин штабын МИ-171 нисдэг тэргээр нийслэлд авчрахаар төлөвлөснөө Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Эрлийн багийнхан өчигдөр /2017.10.23/ сураггүй болсон 17 хүний 10-ынх нь цогцсыг Отгонтэнгэр хайрхны зүүн урд тал далайн түвшнээс дээш 3200-3450 метрийн өндөрт байрлах эгц хадан хясаа орчмоос олсон юм. Уулчид “Отгонтэнгэр хайрхан”-д авиралт хийхээр аравдугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос гарч, аравдугаар сарын 21-ний өдөр Отгонтэнгэр хайрхны бэлд очсон бөгөөд тухайн өдрийн 16.30 цагт авиралт хийж, буцаж буух явцдаа цасан нурангид өртжээ. Ингээд араас нь явсан 10 иргэн буюу гуравдугаар багийнхан нь нэг хоногийн дараа буюу аравдугаар сарын 22-ны өдрийн 13.00 цагийн орчимд эсэн мэнд бууж ирснээ мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл байхгүй байна