• Эхлэл
  • Охиноо хөнөөсөн Г.Маралмаад 18, Т.Цогтод 13 жилийн ял оноолоо

Охиноо хөнөөсөн Г.Маралмаад 18, Т.Цогтод 13 жилийн ял оноолоо

2017/10/27

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцлсэн байна. Г.Маралмаа Т.Цогт нар дөрвөн настай охиноо хэрцгийгээр зодож амь насыг нь хөнөөсөн хэрэг олны анхаарлын төвд байсан. Г.Маралмаа нь талийгаач охины хойд ээж бөгөөд мөн хоригдож байх хугацаандаа мөрдөн байцаагчийгаа өөрийг нь хүчиндсэн гэж мэдүүлж, ийн хэлэгдсэн залуу амиа хорлосон гэсэн дуулиан бас дэгдэж байсан. Мөн Г.Маралмаа хоригдож байх хугацаандаа хүүхэд төрүүлсэн бөгөөд нэг нас хүртэл нь ээжтэй нь цуг шоронд байлгахаар болсон юм.  

Анхан болон давж заалдах шатны шүүх Г.Маралмаа, Т.Цогт нарыг хүнийг санаатай алсан гэмт хэргийг бусдыг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар бүлэглэн үйлдсэн, бусдыг байнга зодох буюу тарчлаах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай гэж үзэж, 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар Г.Маралмаад 23 жил, Т.Цогтод 20 жил хорих ял тус тус оногдуулсан юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас 2015 оны Эрүүгийн хуулиар шүүгдэгч нарт ногдуулах ял хөнгөрч, эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзэж, Г.Маралмаад оногдуулсан ялыг 18 жил, Т.Цогтод оногдуулсан ялыг 13 жил хорих болгон өөрчилж, уг ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоолоо. Мөн сэтгэл санааны хохиролд 50 сая төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.  


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна