• Эхлэл
  • АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригоор завсарлага авав

АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригоор завсарлага авав

2017/10/27

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2017.10.27/ хуралдаж,  Засгийн газрын сайд нарын томилгоонд Монгол Улсын Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан асуудлыг хэлэлцлээ.

Гэвч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат завсарлага хүсэв. Тэрбээр  “УИХ-ын чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр гэнэт оруулж ирсэн. Энэ хориг аравдугаар сарын 26-нд гарсан байтал өнөөдрийг хүртэл Ардчилсан намын бүлэгт танилцуулаагүй байна. Тиймээс АН-ын бүлэг хоригийн асуудлаар хуралдаж, судалж, албан ёсны байр сууриа нэгтгэнэ. Тав хоногийн завсарлага авах хүсэлтэй байна” санал гаргасан юм.

Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Хоригийг 14 хоногийн дотор хэлэлцэж, хариу өгөх ёстой. УИХ-ын чуулганы хуралдаанаар 2018 оны төсөв, бусад чухал асуудлууд хэлэлцэж байхад Сангийн сайдгүй байж болохгүй. Тиймээс АН-ын бүлэгт нэг цагийн завсарлага өгч байна” гэлээ.

Мөн хэлэлцэж буй асуудлаар завсарлага авахын өмнө УИХ-ын гишүүн  Х.Нямбаатар зарим эргэлзээтэй асуудлаар тайлбар хийв.

Тэрбээр “УИХ-ын тухай хуулийн 43-р зүйлийн 3-т  Тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхлэх тусгайлан заасан хугацаа Ерөнхийлөгчийн хориг тавьсан хугацаатай давхацвал хоригийг хэрхэх тухай асуудлыг УИХ  хянан хэлэлцэж дуусах хүртэл уг хууль, УИХ-ын бусад шийдвэр бүхэлдээ буюу түүний зарим хэсгийн үйлчлэл түр зогсоно гэсэн заалт бий. Энэ заалтаар УИХ-ын 58 дугаар тогтоолоор Засгийн газрын гишүүдийг томилсон. Засгийн газрын гаргаж буй өнгөрсөн хугацаанд гаргасан шийдвэр хүчин төгөлдөр бус болох юм уу. Тодорхой тайлбар өгнө үү” гэсэн юм.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “УИХ-ын тухай хуулийн 43.3 гэсэн зүйлийг харахаар УИХ-ын тогтоол гарсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч нэг хоногийн дотор хориг тавих журам өмнө нь хэрэгжиж байсан. Гэвч энэ тогтоол одоо хүчингүй болсон. Харин хориг тавьснаар Сангийн сайдын гаргасан шийдвэр хүчингүй болох эрсдэлтэй” гэсэн юм.

Байнгын хороо 1 цагийн дараа эргэн хуралдахаар боллоо. Харин энэ хооронд УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдах шаардлага үүсээд байна.

Эх сурвалж:NEWS.MN

Ш.ЧИМЭГ

Нэмэлт мэдээлэл:Байнгын хороо нэг цагийн дараа хуралдаж, Ерөнхийлөгчийг хоригийг хүлээн авахаас татгалзлаа 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна