Намрын сүүл сарын шинийн 3-ний билигт сайн өдөр буюу өнгөрсөн ням гаригт хурим найр, сэвлэг үргээх ёслол олонтаа болж өнгөрлөө. “Ногоон дарь эхийн Номын өргөө”-ний шавь нар тоонот гэрээ барьж зургаан хүүхдийн сэвлэг үргээх ёслолыг монгол ахуй ёсоор тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Монголчууд эрт дээр үеэс сэвлэг үргээх ёслолыг уламжлалын дагуу тусгай дэг ёсны дагуу хүндэтгэлтэй хийж ирсэн бөгөөд сан тавьж, ерөөл айлдаж морин хуурын эгшиг татдаг ёсонтой билээ. Энэ уламжлалаар Э.Баянгоо, М.Цэлмүүн, Э.Цэнгүүн, З.Дөлгөөнжаргал, Ш.Онон, Н.Болор гэсэн нэртэй зургаан охины сэвлэг үргээх ёслолыг дашням, балжинням давхацсан билигт сайн өдрөөр айраг цагаан идээгээ сөгнөн, ерөөлийн үг, номын авшиг айлдаж уламжлалт ёсыг баримтлан хийсэн нь өнөө үед эртнээс улбаалж ирсэн монгол ардын уламжлалт ёсыг сэргээсэн үйл явдлын нэг боллоо. Ингээд “Ногоон дарь эх Номын өргөө”-ний тэргүүн Д.Шийрэвжамц багшийн бичсэн сэвлэг үргээх ёсны талаарх мэдээллийг хүргэе.
Хүүхдийн сэвлэг үргээх ёсон буюу хүүхдийн буян хишгийн өдөр
Өвөг дээдсээс эдүгээ хүртэл уламжлан ирсэн амьдралын ухаан дэг хүмүүжлийн олон ёс заншлууд байдаг. Үүний нэг нь хүүхдийн сэвлэг үргээх ёсон юм. Энэ нь хүүхдийн үсийг анх удаа хүндэтгэлтэйгээр, сайн өдөр цагт нь /тухайн хүүхдийн ивээл сард нь/ үргээж буй ёслол юм. Хүүхдийн даахь үргээх, сэвлэг үргээх, өрөвлөг үргээх хэмээн нэрлэдэг ч үндсэн агуулга утга нь ижил юм. Эрэгтэй хүүхдийг 3 буюу 5 насанд нь, эмэгтэй хүүхдийг 4 буюу 6 насанд нь сэвлэгийг нь үргээдэг. Энэ нь сондгой тоог арга, тэгш тоог билэг тоо гэж үзэн эрэгтэй эмэгтэй хүүхдэд хамааруулдаг өвөг дээдсийн уламжлалт зурхайн ухаантай холбоотой. Сэвлэг үргээхдээ бусад найрны адил идээ цагаалга бэлддэг. Цагаалганаас хүн бүхэн хүртдэг. Сэвлэгээ үргээлгэх хүүхдийг шинэ хувцас өмсүүлээд хүндэтгэлийн ширээнд суулгана. Найрын ахлагч “За одоо хүүгийнхээ, охиныхоо сэвлэг /даахь/-ийг үргээе” гэж хэлэхэд хамгийн эрхэм хүндтэй хүн эхэлж хүүхдийн үсэнд модон хутгаар хүрч домноод дараа нь хадаг зүүсэн хайчаар туг үс авч дараа нь аягатай сүүнээс хүүхдэд амсуулан мөн магнайд нь түрхээд бэлэг дэмбэрлийн сайхан үгээр ерөөл өргөдөг. Эрэгтэй хүүхдийг баруун шанааны эмэгтэй хүүхдийг зүүн шанааны сэвлэгэнд нь хүрч үргээдэг. Энэ өдөр аав, ээж, эмээ, өвөө, ахан дүүс, эцэг эхийнх нь найз нөхөд, номын ахан дүүс зэрэг эрхэм хүндтэй зочдоор дүүрэн, идээ ундаа элбэг үгийн сайхнаар ерөөл өргөн бэлэг дэмбэрлээр ярилцан баярладаг.
“Ногоон дарь эхийн Номын өргөө”-ний тэргүүн Д.Шийрэвжамц 2017.10.22
Сэтгэгдэл байхгүй байна