УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэг хийсэн эсэх гэсэн дуулиан өнгөрсөн зун буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэс хойш үргэлжилсээр байгаа. Хохирогч бүсгүйн эгч энэ хэргийг илрүүлэхийн төлөө тэмцэнэ гэдгээ удаа дараа мэдэгдэж байгаа бөгөөд хуулийн байгууллага хэргийг хэрэгсэхгүй болгож, замхруулж байна гэсэн гомдолтой байгаа.
Иргэдийн зүгээс УИХ-ын гишүүний хувьд ёс зүйн хариуцлага тооцохыг шаардаж байгаа. Хууль тогтоох байгууллагаас энэ талаар ямар нэгэн шийдвэртэй алхам хийхгүй байгаа гэсэн шүүмжлэл дагуулж байгаа юм. Тухайлбал, УИХ-ын Ёс зүйн дэд хороо өнгөрсөн есдүгээр сард энэ асуудлаар хуралдсан гэх боловч ямар дүгнэлт гарсан талаар мэдээлэл дутмаг байсан юм. Тэгвэл энэ хурал нь Д.Гантулга хүчингийн хэрэг хийсэн эсэх тухайтад биш Төрийн ордонд хувийн асуудлаар мэдээлэл хийсэн нь ёс зүйд нийцэх эсэх талаар авч хэлэлцсэн байна. Ийн Төрийн ордонд хэвлэлийн хурал хийсэн нь ёс зүйд нийцэхгүй гэж өмгөөллийн "Веритас партнерс" ХХН-ээс өнгөрсөн есдүгээр сард УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандсан аж.
Дээрх гомдлын дагуу УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Д.Гантулгаас өөрөөс нь тайлбар авах ёстой гэсэн шийдвэр гаргасан. Харин УИХ-ын гишүүн Д.Гантулга Ёс зүйн дэд хороонд бичгээр тайлбар хүргүүлсэн байна. Энэхүү тайлбарт,
УИХ-ын гишүүн Д.Гантулга миний бие Ёс зүйн дэд хороонд ирүүлсэн хүсэлттэй танилцаж, дараах тайлбарыг хүргүүлж байна. Тус хүсэлтэд 2017 оны долдугаар сарын 6-ны өдрийн хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсныг үндэслэл болгож намайг УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг зөрчсөн үйлдлүүд гаргасан мэтээр тайлбарлажээ.
2017 оны долдугаар сарын 6-ны өдөр УИХ-ын чуулганы танхимын үүдэнд тухай үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй”, УИХ-ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5.8, 5.11 дэх заалттай нийцүүлэн гишүүний хууль ёсны эрх ашиг сонирхол нэр төрийг хамгаалан сэтгүүлчдийн асуусан асуултад хариулсан болно. Энэ нь хуулиар хориглосон, ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйл ажиллагаа биш юм” гэсэн тайлбарыг хүргүүлжээ.
Д.Гантулга хүчингийн хэрэг хийсэх эсэхийг хуулийн байгууллага тогтоох ёстой. Харин Төрийн ордонд хувийн асуудлаар хэвлэлийн хурал хийсэн нь ёс зүйд нийцэж байгаа эсэхийг Ёс зүйн дэд хороо тогтоох бололтой.
Сэтгэгдэл байхгүй байна