УИХ-ын гишүүн Л.Болд тойрогтоо ажиллалаа. Түүний хувьд хавар, намрын чуулганы үеэр иргэд, хөдөлмөрчидтэйгээ уулздаг уламжлалтай. Хан-Уул дүүргийн хөгжлийн гарц бол УИХ, нийслэл, дүүрэг, хороо, иргэдээрээ нийлж харилцан бие биенээ сонсож хамтдаа асуудлаа тодорхойлон шийддэг явдал юм гэдгийг УИХ-ын гишүүн Л.Болд иргэдтэй хийх уулзалтынхаа эхэнд онцолсон юм. Үнэхээр ч өнгөрсөн хугацаанд шат шатандаа баг болон хамтран ажиллаж олон том бүтээн байгуулалтын эзэд болсон туршлага Хан-Уул дүүргийнхэнд бий.
Тухайлбал, төвийн автозамын асуудлаа бүрэн шийдсэн, хамгийн их цэцэрлэг сургууль, байшин хороолол шинээр баригдсан дүүргээр Хан-Уул дүүрэг тодроод байгаа билээ. Яармагийн дэнж гэрэлтүүлгийн асуудлаа цогцоор нь шийдсэн гээд өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил нүдэнд ил болсныг иргэд уулзалтын үеэр тодотгож байсан юм. Дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Болдын тойрогтоо хийсэн ажилд тоо ч бий, чанар ч бий. Одоо үүнийгээ ахиулан шаардлагатай зүйлсээ хамтдаа хэлэлцэн иргэд, удирдлагуудынхаа хамтаар шийдье гэсэн бүтээлч яриан дор уулзалт эхэлсэн юм.
Жил бүрийн тайлангаа тавьдаг уламжлалын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд тойргийнхоо иргэд, сонгогчидтойгоо уулзлаа. ХУД-ийн 34-р сургууль дээр 4-р хороо, 41-р сургууль дээр 5,6-р хороо, 60-р сургууль дээр 7,8-р хорооны иргэдтэй тус тус уулзалт хийв. Уулзалтад НИТХ-ын төлөөлөгч Ё.Цацралтуяа, ХУД-ийн Засаг даргын орлогч Э.Түвшин, ДИТХ-ын төлөөлөгчид, хороодын засаг дарга нар байлцав. Мөн Арьс ширний 80 айлын барилгын явц болон 73 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн үйл ажиллагаатай танилцав.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Л.Болд үндсэн таван сэдвийн хүрээнд иргэд, сонгогчиддоо мэдээлэл хүргэсэн юм. Үүнд: УИХ-ын 2017 оны хаврын ээлжит болон ээлжит бус чуулган, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, Засгийн газрын үйл ажиллагаа, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай, УИХ-ын гишүүний хувиар тойрогтоо хийсэн ажлын тайлан багтаж байлаа. Уулзалтын үеэр иргэд дүүрэг, хороондоо тулгамдаад байгаа асуудлуудаа тойрог дүүргийн шат шатны удирдлагуудад танилцуулсан юм.
Энэ үеэр Хан-Уул дүүргийн 4,5-р хорооныхон цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг хөндөхийн дээр хүүхдийн мөнгийг хөргөгчтэй, хөрөгчгүйгээр нь ялгаварлах нь асуудлыг эргэн харахыг хүслээ. Мөн утааны асуудал том ч эмзэг, шийдэл хүлээж байгаа чухал зүйлүүдийн нэг бол “Хөрсний бохирдол” гэдгийг онцоллоо. Хан-Уул дүүргийн хэмжээнд төвийн автозамаа шийдчихсэн. Одоо гудамж, хорооллын зам талбайн асуудлаа цэгцлье гэсэн санал гарлаа. Ахуйн үйлчилгээний төв нэн чухал байгааг Яармагийн иргэд тодотгож байсан юм. Урьдных шигээ 8 хувийн зээлээ нээлттэй, шударга олгодог болбол олон өрх амжиргаа, амьдрах орчноо дээшлүүлэх хүсэлтэй байна гэдгийг 5-р хорооны иргэн Уламбаяр онцолж байсан юм. Яармагийн автобусны чиглэлийн асуудал, Төрийн албан хаагчдад тусгайлан тэтгэмж олгох асуудал хэр зөв шийдэл вэ? Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар ч иргэд байр сууриа илэрхийллээ.
Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг шийдэх хэрэгтэй гэдэг дээр иргэдтэй санал нэг байгаагаа Л.Болд гишүүн илэрхийлээд энэ асуудал дээр анхаарал тавин ажиллаж байгаагаа ч хэллээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 29 дүгээр цэцэрлгийн барилгын их засвар, 73-р цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг 2018 оны улсын төсөвд оруулан шийдүүлэх болсон тухай дуулгасан юм. Утааны эсрэг арга хэмжээ, акцууд яваад эхэлсэн. Нэг талаасаа утааг бууруулах ажил зохион байгуулж байгаа нь сайшаалтай хэрэг ч нөгөө талаасаа гэр хорооллын орчин нөхцөл, ард иргэд, ахуй нөхцөл хүнд үед амьдрал, амжиргааны асуудал давхар хөндөгдөж байна. Гэр хорооллын амьдрал аж ахуйг судалж гарц гаргалгааг олж байж шат дараалсан арга хэмжээ авахгүй бол утааг арилгая гэдэг гоё ганган гарчиг дор гэр хорооллын бидний амьжиргаа, амьдрал давхар хөндөгдөж байгааг анхааралдаа аваасай. Бид байшин гэрээ яаж халаах вэ? Өнөөх нүүрсээрээ халаахаар торгоно, тусгай зөвшөөрлийг чинь хураана гэх юм. Гэр хорооллын бид амьдрахын тулд жижиг аж ахуйн нэгж нээж үйл ажиллагаа эрхлэх боломж, бололцоо хаагдаж байна. Утаатай тэмцэхийн хажуугаар жижиг дунд бизнес эрхлэгчдийнхээ эрх ашгийг давхар бодолцоё. Хөгжлийн түвшинд цогцоор шийдэж байж асуудлуудаа шийдэхгүй бол хүн ардын амьжиргаа, амьдралд сөргөөр нөлөөлөх болсныг энэ үеэр иргэд хөндөж байсан юм.
Утаа, түлш, амьжиргаа хөндсөн дээрх асуудалд УИХ-ын гишүүн Л.Болд хариулт өгсөн юм. Түүний хувьд шөнө хэрэглэгдэхгүй хаягддаг цахилгааныг ашиглан 24 цаг гэр байшингаа халаах бололцоотой төхөөрөмжийг ХБНГУ-аас туршиж үзэх үүднээс захиалан авчруулж байгаа тухайгаа хэлээд эхний ээлжинд Яармагийн хэд хэдэн газар, өрх айлуудад дулааны энэ төхөөрөмжийг ашиглаж үзнэ гэдгээ уулзалтын үеэр хэлсэн юм. Хан-Уулд хийгдэх бас нэг томоохон ажлуудын нэг бол наадамчдын замын уулзвараас Яармагийн автобусны шинэ эцсийн буудал хүртэлх хатуу хучилттай авто зам тавих асуудлыг 2018 оны улсын төсөвд тусгуулахаар ажиллаж байгаа тухайгаа Л.Болд гишүүн уулзалтын үеэр хэллээ.
Тойргийн уулзалт иргэдийн санал хүсэлт, бичгээр санал хүсэлтээ өгөх, харилцан ярилцах, гарц шийдлээ хамтдаа хэлэлцэх гээд бүтээлч уур амьсгал дунд болсныг тодотгох хэрэгтэй. Хөгжилд түүчээлсэн Хан-Уулчуудын хамгийн чухал хөгжлийн тулгуур бол бие биенээ сонсох явдал гэдгийг уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн Л.Болд онцоллоо.
Сэтгэгдэл байхгүй байна