• Эхлэл
  • АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп БНХАУ-д төрийн айлчлал хийж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп БНХАУ-д төрийн айлчлал хийж байна

2017/11/08

БЭЭЖИН. /Шиньхуа/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын нийслэл Бээжин хотод гурван өдрийн төрийн айлчлалаар хүрэлцэн ирлээ гэж “Шиньхуа” агентлаг мэдээлэв.
 
Д.Трамп энэ оны нэгдүгээр сард АНУ-ын төрийн тэргүүн болсноосоо хойш Хятад улсад анх удаагаа айлчилж буй нь энэ юм. Тэрбээр Хятадын Коммунист намын XIX их хурлаас хойш Хятад улсад айлчилж буй гадаад улс орны анхны төрийн тэргүүн болж байна.
 
Гурван өдрийн айлчлалынхаа үеэр тэрбээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон бусад албан тушаалтантай яриа хэлэлцээ хийнэ.
 
Хятад улсын Гадаад хэргийн дэд сайд Жөн Зөгуаны мэдэгдсэнээр, Ши Жиньпин, Д.Трамп нар хоёр талын болоод олон улсын өргөн цар хүрээг хамарсан асуудлуудыг авч хэлэлцэх ажээ.

 
2017 он гарснаас хойш тэд гурав дахь удаагаа уулзах гэж байна. Эхний удаад энэ оны дөрөвдүгээр сард АНУ-ын Флорида муж улс дахь Д.Трампын  “Мар-а-Лаго” хувийн амралтын газарт, дараа нь долдугаар сард Германы Гамбург хотноо болсон “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзсан юм.
 
АНУ-ын 37 дахь Ерөнхийлөгч Ричард Никсон Хятад улсад “зам гаргах” түүхэн айлчлал хийсний 45 жилийн ой энэ онд тохиож байна. Түүний энэ айлчлал нь хоёр улсын харилцааг хэвийн болгох эхлэлийг тавьсан билээ.

Эх сурвалж:МОНЦАМЭ агентлаг


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна