• Эхлэл
  • Багш нар маргаашнаас ажил хаяна

Багш нар маргаашнаас ажил хаяна

2017/11/12

Цалингийн нөхцлөө сайжруулах шаардлага тавьсан багш нар маргааш буюу арваннэгдүгээр сарын 13-наас хугацаагүй ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.

Өнгөрсөн баасан гаригт ЕБС-ын сурагчдын улирлын амралт дуусч хүүхдүүд хичээлдээ орсон. Долоо хоног амраад хичээлдээ орж буй хүүхдүүдэд харин багш нар ажил хаях мэдэгдлийг гардуулсан байна. Энэ удаад ЕБС-аас гадна цэцэрлэгийн багш нар бас нэгдэж байгаа учир эцэг, эхчүүдийн хувьд хүүхдүүдээ хэнд харуулах талаар асуудал шийдэх шаардлага тулгарч байна.

Амралтын өдрүүдэд “Багш нар ажил хаяхаа больсон” гэсэн яриа дэгдсэн ч ажил хаялтыг зохион байгуулагчид няцаалаа. Тэд Засгийн газар шаардлагыг хүлээн автал хэд хоног ч хамаагүй ажил хаялтаа үргэлжлүүлнэ гэж байгаа юм.

Дашрамд сануулахад өмнө удаа дараа шаардлага тавьж байсан багш нар шинэ хичээлийн жилийн нээлт буюу есдүгээр сарын 1-нд ажил хаяна гэсэн мэдээлэл гарч байсан. Тэд багш нарын цалинг 1,6 сая төгрөг болгох ёстой гэсэн шаардлага тавьсан бөгөөд Засгийн газраас цалинг үе, шаттайгаар 30 хүртэл хувь нэмэх боломжийг судлаж байгаа гэсэн хариу өгсөн учир өнгөрсөн есдүгээр сарын 21, 26-нд хоёр удаа сануулах ажил хаялт зарласан.
Мөн Засгийн газрын зүгээс төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгний нэг удаагийн тусламж олгоно гэсэн саналыг ч хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Ийн хичээлийн шинэ жилийн эхний өдрөөс тэмцэл өрнүүлж байгаа багш нар гурав дахь удаагаа, гэхдээ энэ удаад хугацаагүйгээр ажил хаях нь ээ.

Ажил хаялтад ерөнхий боловсролын 177 сургууль, 217 цэцэрлэг, Шинжлэх ухааны 11 байгууллага оролцох бөгөөд боловсролын салбарт ажилладаг 70 орчим мянган багш, ажилтан ажил хаялтад нэгдэхээ илэрхийлсэн гэсэн мэдээлэл байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна