• Эхлэл
  • Б.Хурцын дуулиан дахиад л үргэлжлэх нь

Б.Хурцын дуулиан дахиад л үргэлжлэх нь

2017/11/16

-Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэхээс хойшлуулав-

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Элчин сайдаар томилох тухай асуудлыг өчигдөр УИХ-ын байнгын хороогоор хэлэлцсэн нь бас нэг дуулиан тарьсан.

Салбарын сайдынхаа эсрэг хэвлэлийн бага хурал зарлаж, ТЕГ-ын даргаас сүр дуулиантайгаар “зайлуулагдсан” өдрөө БНСУ-д суух Элчин сайдаар томилогдох тодорхой болж эхэлсэн Б.Хурц байнгын хорооны хурал дээр гишүүдийг “хэрхэн баздаг"-аа харууллаа гэж сошиалаар шуугиж байна.

Б.Хурц:Би цааш нь ярих уу, яах уу?

УИХ-ын гишүүн л.Болд түүнээс асуулт асуусны эцэст экс тагнуулын даргаас зуунги гэмээр ийм хариулт сонсов. Уг нь Л.Болд гишүүн: 

-Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга байсан хүнийг эрүүл мэндийн маш хүнд шалтгаантай байхад нь хүчээр авч явж, байцаалт авсан. Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүнийг бас л шалгаж, байцааж, хэрэгтэн шиг байлгаж байсаар энэ хоёр хүн нас барсан. Хоёр хүний амийг хэн хариуцах ёстой вэ гэсэн ноцтой асуулт тавьсан. Харин хариуд нь

-УИХ-ын гишүүн Л.Болд та өмнө нь Батлан хамгаалах яамны сайдаар ажиллаж байхдаа АТГ-т хэд хэдэн асуудлаар шалгагдсан. Та Хойд Солонгост зэвсэг нийлүүлэх гэж байгаад баригдсан. Тэр шахаанаас болж хоёр хүн Хойд Солонгост цаазлуулсан, 300 мянган ам.доллар Хойд Солонгосоос нэхэмжилсэн тухай бичиг ирсэн. Таниас болж Хойд Солонгост хоёр хүн амиа алдсан, нэг генерал шоронд хоригдсон.Таны найзын компани Батлан хамгаалах яамны хэд хэдэн барилга, байгууламж барих тендерт шалгарсан асуудлаар шалгагдаж байсан. Өөр зүйлс ч байна. Би ярих уу, яах уу...? гэсэн анхааруулга сонссон юм.

Эндээс үүдээд УИХ-ын гишүүд томоохон албан тушаалтнуудын “но”-г Б.Хурц сайн мэддэг. Тиймээс түүний томилгоог эсэргүүцэх хүн гарахгүй гэсэн таамаглал аль эрт дэгдээд байсныг энэ зуунги хариу бүр баталгаажуулж, Б.Хурцаас хэн ч асуулт асууж чадахгүй, дальдчиж байлаа гэсэн дуулиан дэгдээд байна.

Энэ таамгын дагуу өнөөдөр Б.Хурцыг элчингээр томилох асуудал “ногоон гэрэл”-ээр шийдэгдэнэ гэж байсан ч харин чуулганы хуралдаанаар гишүүдийн 60 хувийн саналаар асуудлыг хэлэлцэхийг хойшлуулав.

Б.Хурцад зориулсан нээлттэй сонсгол

Дуулиант Б.Хурцын асуудлаар УИХ зөвхөн түүнд зориулсан Нээлттэй сонсгол хийх санал гарч, бүр УИХ-ын ажлын хэсэг хүртэл байгуулагдав. Элчин сайдад нэр дэвшигчийг хэлэлцэх санал гаргаснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэх ёстой. Гэтэл үүнээс өмнө сонсгол хийж амжих уу гэхчилэн зөвхөн Б.Хурцын асуудлаар УИХ тэр чигээрээ “толгой гашилгах”-аа шахав.

Өмнө Нээлттэй сонсголыг тун цөөхөн удаа Долдугаар сарын 1-ны хэргийн эргэн тойронд гэх мэт маш ноцтой асуудлуудаар л зохион байгуулж байсан. Тэгэхээр УИХ-ын эрхэм гишүүд Б.Хурцын асуудлаар сонсгол хийх санал гаргаж байна гэдэг ч өөрөө бас дуулиан.

Б.Хурц ТЕГ-т ажиллаж байхдаа С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбоотой хэмээн иргэн Д.Энхбатыг Франц, Англи, Герман гурван улс дамнуулан хулгайлж авчран, дараа нь Их Британийн онгоцны буудлаач баривчлагдан Германы шоронд хоригдсон, хоёр гурван гүрэн дамжин гэрээ хэлэлцээр хийж эх оронд нь авчирсан гэдгийг хүмүүс сайн мэднэ.

Насаараа шахуу “тагнуул” хочтой яваа одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой харилцан хэвлэлийн бага хурал хийж, “мэтгэлцсэн”, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг шүүхэд өгөөд байгаа, Ц.Нямдоржид “зуулган” ажлаа өгөнгүүт нь “Авлига, оффшортой тэмцэнэ” хэмээн хамгийн чангаар хашгирсан Ерөнхийлөгч Х.Баттулга тэр дор нь шахуу түүнийг Элчин сайдаар томилох санал гаргасан гээд түүнийг талаарх дуулиант мэдээлэл тасрахгүй.

Япон улсад суух Элчин сайдаар томилох хүний асуудал 130 хоног, Канадад суух Элчин сайд 115, АНУ-д суух Элчин сайдын асуудал шийдэгдэхгүй 75 хоног хүлээгдэж байхад Б.Хурцыг ажлаас халагдсанаас хойш /2017.11.01/ ердөө л 14 хоногийн дотор Элчин сайдаар томилох шатаар гялалзтал алхуулж, Ерөнхийлөгч тусгайлан санал гаргаж, УИХ хэлэлцэж, Нээлттэй сонсгол хийх ажлын хэсэг байгуулагдаж байна. Бөөн дуулианы эзэн юм аа.

Өнөөдрийн чуулганы хувьд ч Б.Хурцын асуудлаар нэлээд маргаан дэгдэв. Ингээд нээлттэй сонсгол хийх тухайтад бус УИХ-ын гишүүний нэр төрд халдсан талаар эргэж харах зүйл байгаа гэсэн учраас хойшилж байна. Тэгэхээр ирэх долоо хоногт дуулиан дахиад л үргэлжлэх бололтой.

А.Ану 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна