• Эхлэл
  • Намын даргаа сонгох МАН-ын Их хурал өнөөдөр эхэлнэ

Намын даргаа сонгох МАН-ын Их хурал өнөөдөр эхэлнэ

2017/11/20

Шинэ даргаа сонгох ёстой МАН-ын 28 дугаар Их хурал арваннэгдүгээр сарын 20 буюу өнөөдөр эхэлж байна. Товлосон ёсоор хурал 22-ныг хүртэл үргэлжилнэ. Энэхүү хурлаар намын даргын улс төрийн илтгэл, Ерөнхий нарийн бичгийн даргын болон Хяналтын хорооны тайлан илтгэл, ирээдүйн зорилго, намын эрмэлзэх арван зүйл, мөрийн хөтөлбөр, дүрмийн нэмэлт өөрчлөлт зэргийг хэлэлцэнэ гэж буй. Мэдээж хамгийн том хүлээлт үүсгэсэн анхаарал татах асуулт нь намын шинэ даргын томилгоо.

Одоогоор намын даргын суудалд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Н.Дэмбэрэл, 'Exclusive' компанийн захирал Г.Майцэцэг нар өрсөлдөхөө мэдэгдээд байгаа.

Ерөнхийлөгчийн сонгуульд өвдөг шороодсоноор намын удирдлагыг өөрчлөх нь нэгэнт тодорхой болж, дээр нь 65 гишүүнтэй үнэмлэхүй олонхи бүлэг нь Засгийн газраа огцруулж орхисон, УИХ дахь бүлэг нь 32 ба 33 гэж хоёр хуваагдчихаад байгаа МАН-ын хувьд намын даргын томилгоо хурц сэдэв байх нь тодорхой.

Одоогоор У.Хүрэлсүхийг “33”-ын бүлэг нь, Д.Хаянхаярвааг “32”-ын бүлэг нь дэмжинэ гэгдэж байгаа. Гэхдээ энд намын дарга Ерөнхий сайд нь байх ёстой уламжлал хүчтэй байгаа нь тодорхой. Энэ удаад Ерөнхий сайд болоод намын дарга болох гэсэн урвуу дараалалтай байгаа ч хэчнээн дотроо сөргөөцөлдсөн ч У.Хүрэлсүхийг шинэ даргаараа томилох нь тодорхой гэгдэж байгаа. Намын даргад нэрээ дэвшүүлсэн Н.Дэмбэрэл, Г.Майцэцэг нарын хувьд залуу хүмүүсийн “тоглолт”, өрсөлдөөн дунд өнгө нэмсэн хачир төдий гэлцэж байна.

Бүлгээ хоёр хуваасан “хэрэгт” уначихаад байгаа Д.Хаянхярвааг М.Энхболдын сөргүүлэн тавьж байгаа сум байж болзошгүй гэж байгаа бол Засгаа авсан У.Хүрэлсүхэд намыг нь өгөөд 2020 онд ялах ялагдахын аль нэгийг үзэж, амыг нь асуух ёстой гэсэн санаа байгаа.

Гэхдээ намын даргаар хэн нь ч сонгогдсон “дотооддоо” өөрөөр хэлбэл хөшигний цаана асуудлаа шийддэг МАН-ын хувьд энэ удаад гайхамшрам хурц шийдэл харагдахгүй л болов уу?

Ямартаа ч эрх баригч МАН-ын ирэх гурван жилийн өнгийг харуулах томоохон хуралдаан гурван өдөр үргэлжилнэ.

Дашрамд сануулахад Их хурлаа угтуулан өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 19-ны ням гаригт МАН-ын бага хурал хуралдан намын дүрэмд өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцсэн юм. Мэдээж гол өөрчлөлтийг Их хурлаараа хэлэлцэн шийдвэрлэнэ.  

А.Ану

 

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна