• Эхлэл
  • Улс тунхагласан ойн өдөр

Улс тунхагласан ойн өдөр

2017/11/26

Өнөөдөр Монгол Улсын анхны Үндсэн хууль батлагдсан, Бүгд Найрамдах Улс тунхагласны 93 жилийн ойн өдөр.

Монгол Улсын анхдугаар их хурал 1924 оны есдүгээр сарын 8-нд нийслэл хүрээнд эхэлж, халхын 4 аймаг, Дөрвөдийн 2 аймаг, Алтай, Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу ба ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн их хуралд сонгогдсоноос 77 төлөөлөгч оролцож анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн 16 цаг 15 минутанд баталжээ.

Анхны Үндсэн хуулийн 1-р зүйлд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд найрамдах Бүрэн эрхтэй Ард улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг УИХ ба мөн хуулиар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийдвэрлүүлэх явдлыг нийтээр сүслэн дагавал зохино” гэжээ. Ийнхүү монгол Үндсэн хуультай болж, Бүрэн эрхт улсаа тунхагласан бидээ. Анхдугаар Үндсэн хууль нь бүхэлдээ Монголын түүхэнд анх удаагаа хаант ёсыг халж, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулж, бүгд найрамдах улсыг тунхаглан зарласнаараа түүхэн ач холбогдолтой.

Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх заалт оруулсан энэ өдрөөс эхлэн улс орон, ард түмний аж амьдралд олон дэвшилтэт ахиц өөрчлөлт гарсан билээ. Улсын хувь заяатай холбоотой асуудлыг нэг хүний үзэмжээр бус нийт ард түмний хүсэл зоригт нийцүүлэн шийдэх боломж бүхий засаглалыг бүрдүүлсэн.

Үндсэн хуульд “... улсын дээд эрхийг жинхэнэ ардад...” эдлүүлж, “Улс төрийн бүх хэргийг ард түмнээс удирдан гүйцэтгэх явдлыг хүндэтгэнэ” хэмээн заажээ. Тусгаар тогтносон Монгол Улсын 14 дүгээр он буюу 1924 оны энэ өдөр “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд найрамдах бүрэн эрхтэй Ард Улс” хэмээн дотоод ба гадаадад тунхаглан зарлаж, хуульчлан бататгасныг ХХ зууны түүхэн дэх онцгой үйл явдал хэмээн үздэг.

Бүх нийтээрээ бичиг үсэгт суралцах, эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил эрх тэгш байх, шашин шүтлэг болон хэвлэн нийтлэх эрх чөлөөний суурь чухам энэ цаг үеэс л тавигджээ.

Улс тунхагласан ойн өдрийн бүх нийтээр тэмдэглэх баярын өдөрт тооцдог бөгөөд харин энэ жил амралтын өдөр таараад байгаа юм: 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна