• Эхлэл
  • Ноён уулын маргааны шүүх хурал дахин хойшиллоо

Ноён уулын маргааны шүүх хурал дахин хойшиллоо

2017/12/04

Дахин гэхийн учир нь “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, гурван жил гаруй үргэлжилж байгаа шүүх хурал 16 дахь удаагаа хойшлоод байна.

“Ноён уулаа аврах хөдөлгөөн”, иргэний нийгмийн байгууллагынхан “Сентеррагоулд Монголия” компани эртний түүхийн олдворт Ноён ууланд олборлолт хийх гэж буйг эсэргүүцэн лизенцийг хүчингүй болгох шаардлага тавьж байгаа. Гэвч энэхүү маргаан нь нэг удаа анхан шатны шүүхээс лицензийг түр түдгэлзүүлэх шийдвэр гарч, давж заалдах шатанд буцаагдах, шүүх хуралдааныг талууд хойшлуулах гэх мэтээр сунжирсаар байгаа билээ.

Энэ удаа буюу өнөөдөр 2017.11.04-нд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шүүхийн хуралдаанд нэхэмжлэгч УИХ-ын гишүүн асан Г.Уянга, “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын тэргүүн О.Цэрэннадмид, П.Шижээравдан, Ш.Пүрэвсүрэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмагнай, гуравдагч этгээдээр “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбат, түүний өмгөөлөгч Р.Мэндсайхан, гуравдагч этгээд МУЗГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Хууль, зүй дотоод хэргийн яамны мэргэжилтэн Ч.Одонбаяр, Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн Захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Т.Мөнхбаяр нар оролцлоо.

Гэхдээ талууд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Батбаяр, МУЗГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Баярчимэг нарыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах шаардлагатай гэсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 10 цагт хийхээр товлолоо.

Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь Ноён уул  орчмын ашиглалтын дөрвөн лиценз “Сентеррагоулд Монголия”-д байдаг бөгөөд тус компанийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг юм.

А.Ану


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна