Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ажилчид тодорхойгүй шалтгааны улмаас хордож эмнэлэгт хүргэгдээж байна гэсэн мэдээлэл өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд гарсан. Анх 10 гаруй хүн хордсон гэж байсан ч Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлснээр 51 ажилтан гүйлгэж, бөөлжин, халуурсан гэх нэг шинж тэмдгээр өвдөж, 31-нь Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд гурвынх нь бие хүнд байна гэжээ. Энэ талаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс мэдэгдэл гаргаж:
-Үйлдвэрийн олон тооны ажилтнууд утаа, хийнд хордсон, эрүүл мэнд, амь насанд нь аюул учирсан мэт буруу ташаа мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарааж байгааг анхаарна уу. Мэдээллийн мөрөөр үйлдвэрийн зүгээс шаардлагатай арга хэмжээг аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газруудтай хамтран авч, бодит нөхцөл байдлыг тогтоохоор ажиллаж байна.
“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК нь ажилтан, ажилчдынхаа аюулгүй байдал, эрүүл мэндэд анхаарал тавьж ажилладаг. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн олон тооны ажилтнууд химийн бодисонд ноцтой хордсон, амь нас бие эрүүл мэндэд аюул учирсан нөхцөл үүсээгүй байгааг мэдэгдэж байна гэсэн бол өнөөдөр харин ЭМЯ-наас эрсдлийн өндөр зэрэглэл үүсээд байна гэсэн юм.
Харин шинжилгээгээр ажилчид угаарын хийн хордлогод орcон нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ган бөмбөлөг хайлуулах явцдаа технологийн горим алдаж, хийн зуух болон дахин халаах зуухнаас их хэмжээний утаа гарснаас болсон байж болзошгүй аж.
Одоогоор ажилчдын цусанд угаарын хий, хар тугалгын хордлого хэр байгааг тогтоолгохоор Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хандаад байгаа аж. Өмнө нь ийн олон хүн хордсоныг ажлын газрынхаа хоолноос хордсон байж болзошгүй гэж эмч нар таамаглаж байсан юм. Гэвч Тархвар судлал, лабораторийн шинжилгээг үндэслэн нян, вирүсийн гаралтай халдварт өвчин байх магадлалыг үгүйсгээд байна.
Ажилчид нь эмнэлэгт хүргэгдэж эхэлсэн өдрөөс /2017.11.30/ Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоон Дархан-Уул аймгийн мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн газар, Онцгой байдал, цагдаа хамтарсан ажлын хэсэг ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Нийслэлээс Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн нарийн мэргэжлийн эмч нар болоод Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчид үйлдвэр дээр ажиллаж байна. Тэд ямар шалтгаанаар, юунаас болоод технологийн горим алдаж ажилчид нь хордсоныг нарийн тогтоох гэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна