• Эхлэл
  • ”Нэг бүс, нэг зам” санаачлагын хүрээнд сэтгүүлчид ойлголцлоо нэмэгдүүлэв

”Нэг бүс, нэг зам” санаачлагын хүрээнд сэтгүүлчид ойлголцлоо нэмэгдүүлэв

2017/12/18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Солонго” мэдээллийн төвөөс  жил бүр зохион байгуулдаг “Солонгын өдөрлөг” уулзалт /2017.12.15/ Улаанбаатар хотноо боллоо.
 
Уулзалтад Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Буриад Улсын сэтгүүлчдийн төлөөлөл оролцож, “Нэг бүс, нэг зам” олон улсын төсөл хөтөлбөрт хэвлэл мэдээллийнхний оролцоо ямар байх, шинэлэг ямар арга ажиллагааг сонгох  тухайд харилцан ярилцаж, санал бодлоо солилцов.

“Солонго” мэдээллийн төвийн дарга Л.Наранхүү энэ үеэр хэлэхдээ, “Нэг бүс, нэг зам” санаачилгыг манай улсаас дэвшүүлээд буй. Үүнтэй уялдуулж энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж, нэг нэгэнтэйгээ ярилцаж хамтран ажиллах илүү боломжийг хайж байна. Хэлэлцүүлгийн хүрээнд оролцогчид үнэтэй саналуудыг дэвшүүлж байна. Иймд гурван орны сэтгүүлчдийн бий болгосон энэхүү индэрээ цаашид хариуцлагатайгаар авч явах нь зүйтэй юм” гэлээ.
 
Шилдэг нийтлэлч Д.Баярхүү XI зууны том бүтээн байгуулалт болох уг төслийн талаар хэвлэлийн байгууллагууд бодит мэдээллээр сурталчлах нь ихээхэн ач холбогдолтой хэмээсний зэрэгцээ Монгол Улс уг бүтээн байгуулалтад оролцох боломжтой гэсэн бол судлаач Ч.Содбилэг  “Нэг бүс, нэг зам” санаачилгатай төстэй  тээвэр ложистикийн нэгдсэн системийг хятадын ард түмэн түүхэндээ бий болгож байсан. Өнөөгийн дэвшүүлээд буй дээрх санаачилгыг ажил хэрэг болгоход соёлын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл оюуны саад тотгорыг давж байж худалдаа-эдийн засгийн төсөл хэрэгжих нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж байгаагаа хэллээ.

“Инфомонгол.мн” сайтын эрхлэгч А.Алтантуяагийн хувьд дэлхийн олон орныг хамруулсан тус төслийн хүрээнд хөрш гурван орны уншигчдад хүртээл болохуйц цахим сүлжээг бий болгох нь үр дүнтэй. Ингэснээр ойлголцлын түвшин нэмэгдэнэ гэсэн саналтай байв.

"Солонго" мэдээллийн төвөөс уг арга хэмжээ тодорхой сэдвийн дор уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Өнгөрсөн хугацаанд зөвхөн Монгол, Хятад гэсэн хоёр орны сэтгүүлчдийн дунд уулзалт хэлэлцүүлэг болдог байсан бол энэ жил Буриадын төлөөлөгчид оролцож, уулзалтын цар хүрээ баяжсан юм.

 

 

ЭХ СУРВАЛЖ:

Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна