УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарийн live бичлэг сошиал ертөнцөд тавигдсанаар олны анхаарлыг татаад байгаа. Энэ бичлэгийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд хийсэн гэх боловч өнгөрсөн долоо хоногт олны анхаарлыг татаж эхэлсэн. Бичлэгт манай нэртэй компанийн захирал болон улстөрчдийн хүүхдүүд хар тамхи татан, хүчингийн хэрэг хийсэн гэж нэр зарлан мэдээлсэн учраас олны анхаарлыг ихэд татжээ. Үүнээс үүдэн сошиалд олон янзын мэдээллүүд, шаардлага өнгөрсөн амралтын өдрүүдийн турш хөвөрсөн. Тэгвэл өнөөдөр албан ёсны эх сурвалжууд зохих тайлбарыг хийсэн байна. Тухайлбал, Г.Номуундарь маргааш шүүх хурал товлогдсон байгаа гэж ярьсан боловч арванхоёрдугаар сарын 1-нээс хойш хагас сарын хугацаанд ийм хэргийн гомдол, шүүх хурлын зар ирээгүй хэмээн хэвлэлүүд мэдээлсэн. Энэ талаар Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс доорхи албан мэдээг гаргасан байна. Үүнд:
Хэвлэлийн мэдээ
Нийслэл дэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдэд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр буюу өнөөдрийг хүртэлх хугацаанд Г.Номуундарь хохирогчтой эрүүгийн хэрэг шилжиж ирээгүй болохыг албан ёсоор мэдээлж байна.
Иймд иргэн Г.Номуундарийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нийгмийн сүлжээнд түгээсэн “Сүхбаатар дүүргийн шүүхэд маргааш нээлттэй шүүх хурал болно” гэх мэдээлэл үндэслэлгүй болно.
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс. 2017.12.18
Мөн цагдаагийн байгууллагад ч энэ талаар албан ёсны гомдол ирээгүй. Гэхдээ олон нийтийн сүлжээгээр тархсан мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн гэсэн мэдээллийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлсэн байна. Тэрээр өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр
-Цагдаагийн ерөнхий газар уг асуудалд анхаарал хандуулаад шалгаж байна. Харин эрүү үүсгээгүй. Шалтгалт хийж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй".
Иргэд хэргийн явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийн шаардаж байна. Хуульд хэргийн явцад мэдээлэл түгээхийг хатуу хориглодог. Харин хэргийг шалгаж дуусаад прокурорт танилцуулсны дараа олон түмэнд мэдээлэл өгөх ёстой. Мөн олон нийтийн сүлжээнд ямар ч баримт нотолгоогүй бусдыг гүтгэх явдал гарч байгаа тул үнэн мөнийг шийдэгдтэл худал мэдээлэл тараахгүй байхыг хүсэж байна" гэсэн тайлбар хэлжээ.
Ийн Г.Номуундарь охины мэдээлэл олон нийтэд тархсаны дараа түүний аав Д.Ганхуяг:
"Манай гэр бүл энэ асуудалд ул суурьтай хандаж байгаа. Иймд Та бүхнийг хүлээцтэй хандаасай гэж хүсч байна" гэж хувийн хуудсаар жиргэсэн бол өнөөдөр “Өдрийн сонин”-д дэлгэрэнгүй ярилцлага өгсөн байна.
Д.Ганхуягийн хэлснээр бол охин нь нэр бүхий хүүхдүүдийг айлгахын тулд шүүх хурал болно гэж хэлсэн гэжээ.
Энэхүү хэрэг явдал хоёр жилийн өмнө болсон бөгөөд өнөөдөр ийн ил гарсан нь олны анхаарлыг татахын зэрэгцээ охины аюулгүй байдалд ч нөлөөлж болзошгүй байгаа, мөн охин сэтгэл зүйн хувьд хүнд байдалд ороод байгаа гэжээ.
Түүнээс гадна олон нийтийн сүлжээгээр хэрэгт холбогдолгүй буюу хэрэгт холбоотой эсэх нь тогтоогдоогүй байгаа залуусын зургийг нийтэлж, нэр төрд нь нөлөөлсөн тохиолдлууд ч гарлаа.
Юутай ч Г.Номуундарь охины мэдэгдэл нь залуус хар тамхинд автаж байгаа болон нууц чимээгүй гэмт хэргүүд гарсан байж болзошгүй мэдээлэл агуулж байгаа учраас хууль хяналтынхан, хэвлэл мэдээллийнхэн, эцэг эхчүүд анхаарлаа ийш хандуулах сэрэмжлүүлэг боллоо.
Нэгэнт цагдаагийн байгууллага хэргийг шалгаж эхэлсэн учраас хэргийн үнэн мөн удахгүй тайлагдах байх гэсэн хүлээлт үүсээд байна.
Мөн үүнтэй зэрэгцээд хууль шүүхээс тогтоогоогүй асуудлаар яаран дүгнэлт хийх, олон нийтийн сүлжээгээр батлагдаагүй мэдээллийг түгээн дэвэргэх зэрэгт болгоомжтой хандах сургамжийг сануулсан буй за.
А.Ану
Д.Ганхуягийн ярилцлагыг "Өдрийн сонин"-ы албан ёсны вэб сайт dnn.mn
Сэтгэгдэл байхгүй байна