БЭЛГИЙН МӨЛЖЛӨГТ ӨРТСӨН ДОЛООН ЭМЭГТЭЙГ ЭХ ОРОНДОО АВЧИРЧЭЭ
Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Х.Түвшинбаяр '2017 онд нийтдээ 50 холбогдогчтой 42 хэргийг илрүүлэн ажилласан. Гадаад улсад үйлдэгдсэн есөн хэрэг байна. Мөн саун массажны чиглэлээр үйл ажиллагаа явуулах нэрээр бэлгийн мөлжлөгө явуулсан, гудамж талбайд хүмүүсийн биеийг үнэлүүлж байсан гэх мэт хэргүүд байгаа. Энэ хэргүүдэд нийтдээ 130 эмэгтэй бэлгийн мөлжлөгийн хохирогчоор бүртгэгдсэн. Мөн Зүүн өмнөд Азийн орнуудад эрх ашиг нь зөрчигдөж, бэлгийн мөлжлөгийн хохирогч болсон долоон эмэгтэйг эх орондоо аюулгүй авчраад байна. Мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж байгаа учраас өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХОЛБОГДОХ НЭГ ХЭРЭГ ШҮҮХ ДЭЭР БАЙНА
Бэлгийн мөлжлөгт өртсөн 130 эмэгтэйн 20 нь насанд хүрээгүй охин байсан бөгөөд цагдаагийн байгууллагын зүгээс дээрх хүүхдүүдийг ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн байна. 2017 оны статистик үзүүлэлтээр нийт 130 эмэгтэйн 80 орчим хувь нь 18-39 насныхан бол 20 орчим хувь нь 16-18 насныхан аж. Насанд хүрээгүй хүүхдүүдийн хувьд ар гэрийн хараа хяналт сул байсан бөгөөд Эрүүгийн цагдаагийн албанаас хүн худалдаалах гэмт хэрэг үйлддэг бүлгүүдийг олж илрүүлэн, одоогоор нэг хэрэг шүүх дээр байгаа аж. Монгол Улсын Засгийн газраас баталсан Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд ЦЕГ-ын даргын 2017 оны зургадугаар сарын 30-ны өдрийн тушаалаар Эрүүгийн цагдаагийн албанд хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, нэгжийг байгуулсан байна.
Хүн худалдаалах гэмт хэргийн дараах төрлүүд байдаг.
Үүнд:
- Бэлгийн мөлжлөг
- Насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн мөлжлөг
- Албадан хөдөлмөрлүүлэх
- Зуучлалын захиалгат гэрлэлт
- Хүний цус, эд эрхтний наймаа
- Хүүхэд үрчлэлт
ИРГЭДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
Хүний наймаанд өртөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
- Очих газрынхаа хаяг, холбоо барих утасны дугаарыг мэдэж явахаасаа өмнө гадаадад байгаа ажил олгогчтойгоо холбогдож ажлын нөхцөл хөдөлмөрийн хөлснийхөө талаар баталгаажуулах,
- Таны аяллыг зохион байгуулж байгаа компани хууль ёсны үйл ажиллагаа эрхэлж буй эсэх талаар зохих төрийн байгууллагаас тодруулж лавлах
- Ажлын гэрээтэйгээ сайтар танилцаагүй бол гэрээнд гарын үсэг зурахгүй байх. Шаардлагатай бол хуульч эсвэл итгэл даасан хүмүүст үзүүлж зөвлөгөө авах
- Гэр бүл найз нөхдөдөө хамт явах хүмүүс очих газрынхаа нэр, хаяг, холбоо барих утасны дугаарыг үлдээх.
Хүний наймааны хохирогч болсноо хэрхэн мэдэх вэ?
- Ажил олгогч нь бичиг баримтыг нь хураан авснаас болж дуртай үедээ явах боломжгүй болсон.
- Ажил олгогч зарцуулсан зардлаа нөхөн авах нэрээр цалин хөлсгүй болон хэт бага цалингаар, урт цагаар ажиллуулж өөрийн дарамтад оруулсан.
- Бэлгийн болон бие махбодын хүчирхийлэлд орсон.
- Виз, бичиг баримтын зөрчил зэргийг далимдуулан сэтгэл зүйн дарамтад оруулсан.
- Хэн нэгэн хүний байнгын хараа хяналтад байх, тусгаарлагдсан, гадуур явах, хүмүүстэй уулзах, утсаар ярих боломжгүй болсон.
Хилээр гарч байгаа иргэдийн зайлшгүй анхаарах зүйлс
- Ажлын гэрээ заавал байгуулах
- Паспорт бичиг баримтыг хэнд ч бүү өг. Хэн ч таны паспорт бичиг баримтыг хадгалах эрхгүй
- Очсон газартаа Монгол Улсаас тухайн оронд суугаа ЭСЯ, Консулын газарт бүртгүүлэх.
- Монголд байгаа гэр бүл, найз нөхдөд очсоноо мэдэгдэж, холбоотой байх зэргийг анхаарах нь зүйтэй гэж ЦЕГ-аас иргэдээ сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: ЦЕГ
Сэтгэгдэл байхгүй байна