Усны салбарын хувийн хэвшлийн мэргэжилтнүүдийн зөвлөлдөх уулзалтыг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж, уузалтаас дараах уриалгыг гаргасан байна. Уриалгыг бүрэн эхээр нь нийтлэв.
Усны салбарын мэргэжилтнүүдийн энэхүү зөвлөлдөх уулзалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санаачлан зохион байгуулсанд талархахын зэрэгцээгээр “Цэнхэр-Алт” болсон усныхаа нөөцийг улс орныхоо хөгжлийн түлхүүр, “Тогтвортой хөгжил, ногоон хөгжил”-ийн үндэс болгохын төлөө, “Ус” үндэсний хөтөлбөр, “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын зорилт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийн тулд уулзалтад оролцогчид дараах уриалгыг дэвшүүлж байна. Үүнд:
Манай орны усны мэргэжлийн байгууллагууд үндсэндээ хувийн хэвшилд шилжсэн байгаа хэдий ч усны барилга байгууламжийн бүтээн байгуулалт хийхэд тэдгээрт мэргэжилтэн, мэргэжлийн ажилтнууд дутагдаж буй тул усны салбарын үндсэн мэргэжилтүүдийг гадаад, дотоодын их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд сургахад Байгаль орчин, аялал жуулчлалын яам нэгдсэн захиалга өгч, биелэлтэд хяналт тавьдаг болох,
Усны салбарын мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх (зөвлөх инженер, мэргэшсэн инженерийн зэрэг, мэргэжилтэй ажилтны үнэмлэх олгох зэрэг) сургалт зохион байгуулах ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам холбогдох яамдтай зөвшилцөж, сургалтыг төрийн бус байгууллагад шилжүүлэх боломжийг судлан, хэрэгжүүлэх,
Эдийн засгийн хөшүүргийг боловсронгуй болгох замаар төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, усны салбарт хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд ард иргэд хүчин чармайлт гаргах,
Үерийн усыг хуримтлуулан, усны нөөцийг нэмэгдүүлэх, ялангуяа, гадагш урсацтай томоохон голууд дээр усны барилга байгууламж барьж, хүн ам, эдийн засгийн салбаруудынхаа ус хангамжийг найдвартай хангах, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад усны салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд идэвх санаачлагатай ажиллах,
Усны салбарт тарамдсан үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн холбоо, төв, ассоциаци, академи зэрэг төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулж, салбарын хамт олны эрх ашгийг хамгаалсан, төр, хувийн хэвшлийн түншлэлийн шаардлагуудыг хангасан, ажлын давхардал, хийдэгдэлгүй ТББ болгох зорилтын дор тэдгээрийг нэгтгэх замаар цөөлөх, ТББ-ын нэр, хаягаар бизнес эрхлэх явдлыг зогсоох,
Дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтөөс шалгаалан хүнсний аюулгүй байдал алдагдахад хүрч байгаад анхаарч, усалгаатай тариаланг хөгжүүлэх ажилд эргэлт гаргаж, хөрөнгө оруулалтын хэмжээг эрс нэмэгдүүлэх,
Усны салбарын салбар дундын зохицуулалт хийх үүрэг бүхий усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяанд дахин байгуулах асуудлыг авч үзэх,
Монгол Улсад усны аж ахуйн салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойг угтан төрийн болон улсын төсөвт байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хамт олон өмнөө тавьсан зорилтуудаа амжилттай хэрэгжүүлж түүхт ойдоо хөдөлмөрийн өндөр амжилтаар бэлэг барихыг уриалж байна.
Усны салбарын хувийн хэвшлийн мэргэжилтнүүдийн зөвлөлдөх уулзалтад оролцогчид
2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр. Улаанбаатар хот
Сэтгэгдэл байхгүй байна