Ахмад настнууд голдуу хөнгөлттэй эм авах гэж эмийн сангийн өмнө дугаарлан зогсдог байдлыг халж, өдөр болгон хүссэн үедээ хөнгөлөлттэй эм авах боломжийг хангана гэж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл томилогдсон даруйдаа мэдэгдсэн. Тэгвэл өчигдөр уржигдраас эхлэн хөнгөлөлттэй эмийг өдөр болгон олгох журам арванхоёрдугаар сарын 21-нээс хэрэгжиж эхэлнэ гэсэн мэдээлэл тархсан билээ. Гэтэл өнөөдөр эмийн сангуудаар хөнгөлөлттэй эм олгож эхлээгүй байна. Энэ талаар ЭМЯ-наас өнөөдөр тайлбар өгч, мэдээлэл дамжуулсан байна. Тус яамнаас мэдээлснээр Уг үйлчилгээг шуурхай нэвтрүүлэхэд эрүүл мэндийн байгууллагууд анхаарч, холбогдох асуудлыг судалж байгаа. Гэхдээ хөнгөлттэй эмийг өдөр бүр олгох үйлчилгээг өнөөдрөөс мөрдөхгүй гэжээ.
Хөнгөлөлттэй эм олгохдоо эмийн сангуудтай гэрээ байгуулдаг. Гэвч 300 гаруй эмийн санд шалгалт хийхэд багагүй зөрчил илэрсэн. Энэ асуудлыг шийдсэний дараа үйлчилгээг илүү түргэн шуурхай болгоно гэжээ. Мөн эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтыг шинэчлэх, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч нарыг сард хоёр удаа жор бичдэг байсныг өдөр бүр болгох зэрэг ажлууд хийх шаардлагатай гэсэн байна. Тэгэхээр одоогийн байдлаар өдөр харгалзахгүй хөнгөлттэй эм олгох үйлчилгээ хэзээ эхлэх нь тодорхой болоогүй байна.
Дашрамд сануулахад, өмнө нь хөнгөлөлтэй эмийн жагсаалтад багтсан 183 нэр төрлийн 800 орчим эмийг сард хоёр удаа олгож байсан бөгөөд жагсаалтад багтсан эмийг даатгалын байгууллагатай гэрээ бүхий эмийн сангаас 40-80 хувийн буюу 500–65.000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой юм.
Сэтгэгдэл байхгүй байна