“Глобал Удирдагч” дээд сургууль, “Шинэ зууны удирдагч” бүрэн дунд сургуулийн үүсгэн байгуулагч Б.Отгонбаттай ярилцлаа. Энэ удаагийн ярилцлага бол Монголын боловсролын салбарт түүчээлж, гадаадад тэтгэлгээр суралцах боломжийг оюутан залуустаа олгож ирсэн өнгөрсөн 10 жилийн түүхээс хуваалцсан яриа болж байна. Манай улсын залуу лидер Б.Отгонбатын ярианд анхаарлаа хандуулна уу.
-Сургуулийнхаа үйл ажиллагааг товч танилцуулахгүй юу. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд ямар ажлыг хийсэн байна. Хэчнээн залуус тэтгэлгээр гадагшаа суралцсан байна вэ?
-“Глобал Удирдагч” дээд сургууль 2007 онд байгуулагдсан. Одоо 10 жилийн ой тохиож байна. Магадлан итгэмжлэгдсэн бакалавр, магистрийн хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Өнгөрсөн 2013 онд Хойд Америкийн Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн “Магадлан Итгэмжлэл Зөвлөл” /ACBSP/-д хандагч сургууль болсон. Манай дээд сургууль Анагаах ухааны сургууль, Бизнесийн сургууль, Хүмүүнлэгийн сургууль гэсэн дотроо гурван салбар сургуультай. Анагаах ухааны сургууль гэхэд хүний их эмчийн 6 жилийн хөтөлбөр, сувилахуйн 4 жилийн хөтөлбөртэй юм. Бизнесийн сургууль нь санхүү, нябо, олон улсын худалдаа, хүний нөөц зэрэг 10 гаруй эдийн засгийн мэргэжлээр сургаж байна. Хүмүүнлэгийн сургуульд гадаад хэлний чиглэлээр багш нар бэлдэж байна. Манай сургууль дэлхийн иргэнийг бэлтгэнэ гэсэн уриатай. Дэлхийн боловсролыг тэр дотроо АНУ-ын боловсролыг Монголын хөрсөнд буулгана гэсэн зорилготойгоор ажилладаг. Цаашдаа судалгаан дээр суурилсан цогц сургууль болж хөгжинө гэсэн алсын хараатайгаар ажиллаж байна. Олон хүн мэддэг, хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээсээ мэдээлэл хүргэе. 2 жил Монголд, 2 жил тэтгэлэгтэйгээр гадны оронд суралцах “2+2 хөтөлбөр” буюу хос дипломын давхар зэргийн хөтөлбөрийг анхлан Монголд хэрэгжүүлсэн. Мөн 1+3 хөтөлбөрт хамрагдах боломжтой. Гадаад хэлний чадвар өндөр бол нэг жил Монголдоо суралцаад үлдсэн гурван жилийн хугацаанд 100 хувийн тэтгэлэгтэйгээр гадны их, дээд сургуульд суралцах боломжтой юм. Түүнчлэн 1+1 хөтөлбөр бол ажиллаж буй хүмүүст зориулсан магистрын хөтөлбөр юм. Ажлынхаа хажуугаар гадаад хэлээ сайтар бэлдэж, сургалтад суугаад TOEFL-ийн тодорхой оноо авчихвал гадагшаа үлдсэн нэг жилийн сургалтаа тэтгэлгээр магистрт суралцах боломжтой хос дипломын хөтөлбөр юм.
-Бусад хувийн дээд сургуулиудаас юугаараа онцлогтой вэ. Гадаадад тэтгэлгээр суралцуулахын зэрэгцээ дэлхийн сайн боловсролын хөтөлбөрийг Монголдоо нэвтрүүлж буй гэдгээрээ ялгарч байгаа байх аа?
-Дээд боловсрол үнэ цэнэтэй байж төгсөгч нар нь үнэ цэнэтэй байдаг гэж боддог. Манай сургууль одоо 70 гаруй багш ажилтантай, багш нарын 50 хувь нь докторын зэрэгтэй, 700 гаруй оюутантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Мөн гадаад багш нар нэлээд бий. Гадны оронд их, дээд сургуулиуд юугаараа онцлогтой вэ гэдгийг зэрэглэл, эрэмбэ дараагаар гаргасан байдаг л даа. Хэрвээ гадаад харилцааны цар хүрээгээр эрэмбэлвэл манай сургууль Монголдоо нэгдүгээрт орно гэдэгт итгэл төгс байна. Яагаад вэ гэвэл дэлхийн шилдэг 160 гаруй сургуультай манайх хамтран ажиллаж, оюутнуудаа сургаж байна. Оюутнууд маань энэ 160 сургуульд нэг семистрээс эхлээд 4 жил хүртэлх хугацаагаар тэтгэлгээр суралцдаг. Бид оюутан залуусынхаа өмнө дэлхийг нээж өгч байна. Энэ хичээлийн жилийн гол онцлог бол Харвардын хөтөлбөрийг Монголдоо нутагшуулах зорилгоор хөтөлбөрүүдээ шинэчилсэн явдал юм. Оюутны хөгжлийн манлайллын цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Бизнесийн удирдлагын магистрийн хөтөлбөр iMBA, EMBA хөтөлбөрүүдийг Харвардын загвараар амжилттай хэрэгжүүлж байна. Манай сургуульд Харвардын багш нар ирж зааж байна. Монголын шилдэг багш нар ч бас зааж байна. Дэлхийн иргэнийг бэлдэхийн тулд манай сургууль дэлхийн мэдлэгийг түгээхийг хичээж, гадаад харилцаагаа улам өргөжүүлсээр байна. Бид ерөнхий боловсролын “Шинэ зууны Удирдагч” бүрэн дунд сургуулиа 2012 онд үүсгэн байгуулсан. Анх сургуулиа байгуулах болсон учир нь их, дээд сургуульд суралцаж, гадагшаа тэтгэлгээр суралцахыг хүсч буй оюутнуудын нэлээд хувь нь хэл соёл, хүмүүжил төлөвшлийн хувьд шаардлагыг ханахгүй байсан. Тиймээс их, дээд сургуульд элсэн суралцахаас нь өмнө сурагчдаа эртнээс бэлдэх нь зөв юм гэж ойлгосон. Одоо манай дунд сургууль 85 орчим сурагчтай, 20 орчим багштайгаар үйл ажиллагаа явуулж байна. Манай сургууль дээр Тайванийн Засгийн газрын санхүүжилттэй Тайванийн Боловсролын төв байрладаг. Жилд 300 хүнд 100 хувийн тэтгэлэг олгох боломжтой. Энэ тэтгэлгийг ашиглахын тулд хэлний чадвар сайнгүй байгаагаас хэлний шалгуурыг тэр болгон хангаж чадахгүй байх нь бий. Хэрвээ хэлний шалгуурыг хангачих юм бол хэдэн зуун оюутан ч гадагшаа инженер, нарийн мэргэжлээр зуун хувийн тэтгэлгээр суралцах боломж байна.
-Танай төгсөгчид ажлын цалин өндөртэй сайн ажлын байраар хангагддаг гэдэг нь харагддаг. Танай сургуулийн төгсөгч нар нийгэмд ямар эерэг өөрчлөлт үзүүлж эхлэв?
-Өнгөрсөн хугацаанд “Глобал удирдагч” сан, дээд сургуулиас хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн үр дүнд олон залуус дэлхийн боловсролтой холбогдож суралцаж байна. “Глобал Удирдагч” дээд сургуулийн шугамаар өнгөрсөн хугацаанд 4500 шилдэг охид, хөвгүүд АНУ, Өмнөд Солонгос, Тайванийн шилдэг их, дээд сургуулиуд руу тэтгэлгээр суралцжээ. Бид нийтдээ тав орчим сая ам.долларын оюуны хөрөнгө оруулалтыг монгол залуустаа оруулсан. Тэр залуус өнөөдөр өөр, өөрийнхөөрөө Монголын нийгэмд эерэг нөлөөгөө үзүүлээд явж байгаа. Тэдний нэг гэхэд Rokit Bay Баяраа. Сэтгүүлч Дөлгөөн байна. Дэлхийн монгол хүн байхын тулд дэлхийн хаана ч очсон ажиллах чадвартай байхыг хэлнэ. Дэлхийн хамгийн том онлайн худалдааны сайт “Аmazon”-д инженерээр ажиллаж байгаа А.Амарбаяр бол бидний бахархлын нэг. Манай төгсөгч нар Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Мянганы сорилтын сан, Оюутолгой зэрэг гадны шилдэг компани, сангуудад ажиллаж байгааг харах нь бахархууштай байдаг. Манай төгсөгчдийн нэг болох Р.Жавхланбазар Харвардын их сургуулийг төгслөө, Б.Габит Стэнфордын их сургуулийг төгсөж мэдээллийн технологийн үндэстэн дамнасан компанийг байгуулж чадсан. Шилдэг төгсөгч нарын жишээ энэ мэт олон байна. Манай сургуулийн цаашдын алсын зорилго бол Монгол Улсаа мэдлэгт суурилсан орон болгон хөгжүүлэхийн тулд 10 мянган залуусыг дэлхийн өндөр хөгжилтэй топ сургуулиудад сургая гэж зорьж байгаа. Манайхаас санаачлан зохион байгуулж байсан “Глобал СЕО” бинесийн төсөл нэвтрүүлэг Монголын нийгэмд маш том шуугианыг тарьж байсан. 50 мянган ам.долларын цалин амлаж, гадаадаас мэдлэг боловсролтой маш олон залуусыг буцаж ирэх сэдлийг төрүүлж байсан билээ. Энэ нэвтрүүлэг монгол хүний үнэ цэнийг өсгөж чадсан залуучуудад итгэл найдварыг төрүүлдэг гэж боддог. Өнгөрсөн 10 жил дэлхийн иргэдийг бэлдсэн жилүүд байлаа. Ирэх 10 жил бол Монголыг дахин сэргээх 10 жил гэж би харж байгаа. Би нэг жишээ татахад, Бангладешт 120 хүнийг БНСУ-ын Дэвүү корпорацид зургаан сар сургалтад хамруулсан байдаг. Ирээд 100 хүн нь ажлаасаа гарч тус тусын хувцас үйлдвэрлэлийн компаниа байгуулсан байдаг. Ингэснээр Бангладеш улс хувцас үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэх улс болсон. Энэ бол мэдлэгийн халилт юм. Яг үүнтэй ижил зарчмаар Монголын нэрийг дэлхийд гаргах энтрепренерүүдийг бэлдэх нь бидний ирэх 10 жилийн зорилго гэж харж байна.
- Та залуу хүн гэхэд ихийг сурч мэдсэн, амжилттай ажиллаж яваа манлайлагчдын нэг юм. Таны амжилтын нууцыг хэлвэл юу гэх вэ?
-Би дундаж айлын хүүхэд. Гадагшаа явахад анх хүнд хэцүү байлаа. Хэл сурч, тэтгэлэг авахын тулд би маш их сорилтуудыг давсан. Тийм учраас Монголын залуучууд хүүхдүүдэд гадагшаа тэтгэлгээр суралцах гарцыг нь нээж өгье, зорилгод нь хүрэхэд нь гүүр болъё гэж зорьсон. Эхэн үедээ гадагшаа явах нь чухал, явуулах нь чухал гэж өөрийн хувьд үздэг байсан бол одоо төгсч ирсэн хүмүүсийг ажлын байраар хангах, боловсон хүчний бодлого, цаашдын хөгжлийн алхам маш чухал юм гэдгийг ойлгох болсон. Хэрвээ бид баялаг бүтээж дэлхийд өрсөлддөг Монголыг бий болгох гээд байгаа бол хүний нөөцийн зөв бодлого хэрэгтэй. Төр нь хийж чадахгүй байгаа бол хувийн хэвшил нь чадахаараа бас хийе. Улсын хөгжил гагцхүү боловсролоос эхтэй. Ер нь хүн гэдэг байнга суралцах ёстой. Миний хувьд АНУ-д суралцсан, төгсөөд Австралид магистр хамгаалсан. Монголдоо ирээд 10 жил хувийн хэвшилд сургуулиа байгуулаад ажиллаж байхдаа дахиад л сурах ёстойгоо мэдэрсэн учраас 2016 онд Харвардын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Өнөөгийн хөгжлийн хурдтай нийгэмд цаг үеэсээ хоцрохгүй, бүр өмнө нь байхын тулд маш их мэдээлэлтэй байх ёстой. Тиймээс би маш их уншдаг бас аялдаг. Манай хамт олон ч ялгаагүй үргэлж хөгжлийн төлөө байдагт талархдаг. Би өөрийгөө амжилттай хүн гэж хэлэхгүй харин амжилтын төлөө тэмүүлж яваа залуу хүн гэж боддог. Ингээд дэлхийн иргэдийг бэлдсэн 10 жил, ирээдүйн удирдагчдыг хөгжүүлсэн 5 жилийн ойн баярын мэндийг нийт оюутан, сурагчид, эрдэмтэн багш нар, үе үеийн төгсөгч нар болон хамтран ажилладаг байгууллагууд та бүхэндээ хүргэе! Бид хамтдаа улам ихийг бүтээх болно!
Д.НЭРГҮЙ
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл байхгүй байна