Да.Ганболд юу ярив?

2017/12/22

25 дугаар суваг телевизийн “Ам нээвэл” зочны ярилцлагад оролцсон “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн, эдийн засагч Да.Ганболдын ярилцлага олны ярианы нэг гол сэдэв болоод байна. Ялангуяа түүний хэлсэн “Дубайн гэрээг хийснийх нь төлөө Ч.Сайханбилэгт хүрэл хөшөө босгох ёстой” гэдэг үг сошиал ертөнцөд дайн дэгдээв. 1990-1992 онд Д.Бямбасүрэнгийн Засгийн газарт Шадар сайдаар ажиллаж байсан ардчиллын анхдагчдын нэг Да.Ганболд гурван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, дөрвөн удаагийн сонгуульд өвдөг шороодож, мөн Монгол Улсын Ерөнхий сайдад долоон удаа нэр дэвшиж байсан. Сүүлд Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам, Оюутолгой, Эрдэнэт үйлдвэр гэх мэт эдийн засгийн томоохон төслүүд дээр Монголын талын эрх ашгийг төлөөлөн ажилласан. Тэрхүү сонирхолтой “этгээд” энэ удаа тэр юу ярив?

-Дэлхийд дээгүүрт орох Оюу толгойн хамгийн том үйлдвэр ашиглалтад ороод таван жил болж байхад эрчим хүчээ Хятадаас авч байгаа нь харамсалтай. Анх байгуулахдаа Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэсэн цахилгаан станц байгуулна гэж тооцсон ч тэр төслийг улс төрийн зорилгоор гацаасан. Төр оролцсон бүх том төсөл урагшаа явдаггүй гэдгийг “Оюутолгой”, “Тавантолгой”, “Эгийн гол”, “Төмөр зам” зэрэг томоохон төслүүдээс харж болно. Зарим тохиолдолд Монголын эрх мэдлээс хэтрээд явчихсан том шалтгаанууд ч бий. Монголыг хөгжүүлэхгүй байх гэсэн гаднын томоохон улсуудын нөлөө, бодлого явагдаад байгаа нь нууц биш. Том, жижиг ямар ч улс өөрийн эх орноо гэсэн бодлоготой байх ёстой. Энэ бол том улс төр. Манайханд өөрийн гэсэн ашиг сонирхол, бодлого байхгүй..

- Оюутолгойн гэрээ сайн болсон. Би үүнийг хаана ч хэзээ ч хэлнэ. Монголын төрийг төлөөлөн суудаг ТУЗ-ын гишүүдийн дуу хоолой дутмаг гэж иргэд ярьж байна. Одоо байгаа ТУЗ-ийн гишүүд яагаад ярьдаггүйг би мэдэхгүй. Бид гурав бол хангалттай ажилласан. Өмнөх дөрвөн жилд уг төслийн явц болон Монголд үлдэх үр ашиг, эдийн засгийн өгөөжийн талаар өдөр тутам шахам, хураангуй, дэлгэрэнгүй ярилцлага, мэдээ нийтлэлүүд сонин хэвлэлээр гарч байсан. Оюутолгойн гэрээ Монгол Улсад ашиггүй гэрээ гэж яриад байгаа зарим нөхдийн яриаг би ойлгодоггүй. Тэд юм мэдэхгүй хүмүүсийн толгойг эргүүлж, улс төрийн хожоо хийж байгаа нь илт. Оюутолгойн хөрсөн доорх баялаг 100 хувь Монгол улсынх, ард түмний мэдэлд хэвээрээ байгаа. Өөрийн эзэмшил, өмчид байгаа баялгийнхаа үр дүнг хүртэхийг тулд энэ зээлийг ашиглаж байгаа. Газрын доор байгаа тэр баялгаа ашиглая гэж засаг төр нь шийдсэн. Гэхдээ Монголд түүнийг ашиглах, ухах техник хэрэгсэл, олон улсад нэртэй том хөрөнгө оруулагч байгаагүйд л учир нь байна. Тэгээд бид “Рио Тинто” компаниар хөрсөө ухуулсан. Өндөр хүүтэй зээлээр үйл ажиллагаа явуулдаг гэдэг нь худал. Үүнээс хямд нөхцөлтэй зээл энэ төсөлд тухайн үедээ олдоогүй. Бид тэр газар доорх баялгийнхаа 34 хувийн үр шимийг хүртэж, 60 хувийг нь хөрөнгө оруулсан, зээлсэн компанидаа буцааж өгч байгаа ийм л систем.

-Риотинтогоос хоёр тэрбум доллартой тэнцэх хэмжээний татварыг аваагүй гэж ярьдаг. Үнэн. Гэхдээ Монголын төр аваагүй шалтгаан нь жилд яг хэдэн хувийн татвар энэ компаниас авах ёстой вэ гэдгээ тогтоогүй байсан юм. Хэдийг авах вэ гэдэг дээр маргаантай байсан. Гэтэл манайх хөрөнгө оруулалттай холбоотой хууль тогтоомж дээр 500 гаруй хуулийн давхцал, алдагдал байсан. Монгол Улс давхар татвараас зайлсхийх үндсэн гэрээ хийчихсэн. Тэр нь Голландын гэрээ. Голланд бол өөрөө оффшор гэсэн үг. Хууль хойшоо үйлчилдэггүй юм. Оюутолгойн 130 тэрбумын татвараас 30 тэрбумын татварыг авсан. Энэ бол дутуу авсан зүйлийнх нь нэг. Илүү авсан зүйлс ч бас бий.

-Барууны соёлтой орны хуульд нэг жижигхэн осол гарлаа гэхэд түүнээс үүдэх бүх зардлыг нарийн тооцож гаргадаг. Манайд тийм зүйл огт байхгүй. Хэт ерөнхий хууль баталдаг. Тэр нь дөрвөн жилийн дараа амьдралд нийцэхгүй, хөрсөнд тохирохгүй болохоор нэмэлт өөрчлөлт, нэмэлт өөрчлөлт, нэмэлт өөрчлөлт гээд цаг авдаг. Тэгээд таван жилийн дараа өмнөх зүйлээ мартсан. Тиймээс Дубайн гэрээг хийсэн Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын гавьяаг үнэлж Монголын төр хүрэл хөшөө босгох ёстой. 4,2 миллиард ам.доллартой тэнцэх хөрөнгө оруулалт чинь зогсчихсон байсан шүү дээ. Үүнийг Ч.Саяханбилэг Ерөнхий сайд хөдөлгөсөн. 100 хувийн Монголын өмчид байгаа Оюутолгойн газар доорх баялгийн 53 хувийн үр шимийг монголчууд хүртэнэ, 47 хувийг хөрөнгө оруулагчид хүртэнэ. Анх Оюутолгойн гэрээ үзэглэсэн өдрөөс эхлээд л бид энэ ашгаа хүртэж эхэлсэн. Өртөг өсч байгаа үед ногдол ашиг хойшлох нь жам. Дубайн гэрээг хийгээгүй бол бид 5-р цахилгаан станц шиг цээжээ дэлдээд хоосон суух байсан. Дубайн гэрээг байгуулахаас өмнө 5000 монгол ажилчин Оюутолгойд ажиллаж байсан бол 10000 болсон. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолж болохгүй. Дэлхийн энхний 10-т багтдаг маш том уурхай. Улсын төсөвт төлдөг татвараараа монголчуудыг олон жил тэжээсэн “Эрдэнэт” үйлдвэрийг хоёр гурав дахин нугалаад ардаа орхичихлоо шүү дээ.

Эх сурвалж: 25-р суваг ТВ

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна