НӨАТ-ын урамшууллын сугалаагаар 500 сая, 20 сая, дөрвөн сая төгрөгийн азтан болсон иргэдэд өнөөдөр /2017.12.22/ Сангийн яамны хүндэтгэлийн танхимд батламж гардууллаа.
Энэ удаагийн тохирлоор Хан-Уул дүүргийн иргэн Ж.Алтанзул 3450 төгрөгөөр нэг зайрмаг, ундаа худалдан аваад 500 сая төгрөгний азтан болжээ. Тэрээр энэ удаагийн тохирлоос 20 000 болон 500 сая төгрөгийн давхар азтан болсон аж.
-Та азтан болсноо яаж мэдсэн бэ?
-Анх сугалааны тохирол явагддаг орой манай нөхөр шууд нэвтрүүлгийг үзээд “Чамд сугалаанд мөнгө хожсон байна уу” гэсэн. Тухайн үедээ би “Мөнгө хожоогүй байна” гэсэн. Тэгээд өглөө нь НӨАТ-ын баримтаа шалгасан чинь 20 мянган төгрөг хожсон байсан. Анх удаа 20 мянган төгрөг хожлоо гээд баяртай байсан. Тэгсэн нөгөөдөр нь над руу Татварын ерөнхий газраас нэг хүн залгаад “Та НӨАТ-ын баримтаа шалгаж үзээд, буцаад холбогдоорой” гэлээ.
Би НӨАТ-ын баримтаа шалгасан чинь бүр нүдэндээ итгэмээргүй тоотой мөнгө хожсон байсан. Тэгээд ажлынхаа залуугаас “Энэ хэд гэсэн тоо байна вэ?” гэж асуусан. Компьютерийн дэлгэц дээр баахан 500-гийн ард тэгийн цифр, ард нь 20-ын тоо харагдсан. Бүр итгэхгүй системээсээ гараад буцаад орсон тэр тоо байж л байсан. Би мэдээллээ баталгаажуулаагүй учраас над руу утсаар залгаж хэлсэн юм билээ.
-Шагналынхаа мөнгийг юунд зарцуулах вэ. Ямар нэгэн төлөвлөгөө бий юу?
-Шагналын мөнгө маань удахгүй дансанд орох байх. Мэргэжлийн байгууллагуудаас нэлээд судалсан гэсэн. Мөнгөө гар дээрээ авсных нь дараа юунд зарцуулахаа бодож үзнэ. Одоохондоо бодсон зүйл алга. Ямар ч байсан хамгийн түрүүнд өсөж үржихийн бэлгэдэл шар будаа худалдаж авна. Мэдээж ээжийгээ баярлуулна даа. Би одоо л зүүднээсээ сэрж байгаа юм шиг санагдаж байна. Манай гэр бүл байрны лизинг төлдөг.
-Одоо та хэчнээн НӨАТ-ын баримт бүртгүүлээд байна вэ?
-Би нэг ч сугалаа үлдээлгүй бүртгүүлж, бүх баримтаа хадгалдаг. Ямар ч байсан өөрийгөө 500 сая биш юм аа гэхэд азтан болно гэж боддог байсан. Би одоо 600 –гаад НӨАТ-ын баримт бүртгүүлээд байна. Баримтуудаа маш идэвхтэй бүртгүүлдэг. Өнгөрөгч сарын 15-нд хажуугийн дэлгүүрээсээ худалдан авалт хийж, 16-нд бүртгүүлсэн байна лээ. Би НӨАТ-ын баримт өгөхгүй байсан ч нэхэж авдаг.-Та өмнө нь сугалаанд хожиж байв уу?
-Хүүхэд байхдаа анх мандолин хөгжим хожиж байлаа. BSB” сервис компанийнхаа найман удаагийн шинэ жилийн баярт оролцож, дөрвөн удаад нь сугалааны азтан болсон.
Хүмүүс сугалаанд азтан болохоос гадна худалдан авалтын хоёр хувийн урамшууллаа буцааж авах боломжтой. Өнгөрсөн жил манай гэр бүл бензин худалдан авсан баримтаа бүртгүүлдэггүй байлаа. Өнгөрсөн жил миний эргэн тойронд 20, 500 мянган төгрөг НӨАТ-ын баримтын сугалаанаас хожиж байсан. Тэгэхээр НӨАТ-ын мөнгөө хэд дахин буцаан авах боломжтой гэж боддог.
70 гаруй тэрбум төгрөг буцаан олгоод байна
Өнгөрсөн онд НӨАТ-ын буцаан олголтод 35 тэрбум төгрөгийг зарцуулахаар тооцоолж байсан бол энэ жил 70 гаруй тэрбум төгрөг буюу хоёр дахин их хэмжээний мөнгийг иргэдэд буцаан олгохоор болжээ.
Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн төвийн захирал Ц.Орхонтамир ярихдаа “Манай иргэд, аж ахуйн нэгжүүд НӨАТ-ын баримтаа маш сайн бүртгүүлж байна. Мөн худалдан авалт хийхдээ баримтаа шаарддаг болсон байна. Энэ удаа анхны 500 сая төгрөгийн азтан тодорлоо. Тухайн оныхоо нэгдүгээр сараас эхлэн супер сугалааны шагналын сан 50 сая төгрөгөөс эхлэн өсдөг. Хэрвээ супер сугалааны азтан тодроогүй бол шагналын сан 50 сая төгрөгөөр нэмэгддэг.
Журмаараа энэ жилийн НӨАТ-ын сугалааны хоёр хувийн буцаан олголтыг ирэх оны эхний улиралд багтаан олгоно. Иргэд бүртгэлийн мэдээллээ сайтар баталгаажуулж, шинэчлэх шаардлагатай бол шинээр баталгаажуулахыг хүсье” гэв.
Энэ үеэр Сангийн яамны дэд сайд Х.Булгантуяа “Бид 2016 оноос эхлэн НӨАТ-ын тухай шинэ хууль хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн онд НӨАТ-ын урамшууллын сугалааг 13, энэ онд 11 удаа зохион байгуулж байна. Нийтдээ 300 орчим мянган хүн хүн хамгийн багадаа 20 мянган төгрөгийг хожжээ. Үүний үр дүнд жил бүр улсын төсөвт төвлөрч буй орлого нэмэгдэж байгаа. Мөн НӨАТ-ын урамшууллын системд бүртгэлтэй иргэдийн тоо жилд 100 гаруй мянгаар нэмэгдсэн үзүүлэлт гарсан. НӨАТ бол манай улсын татварын том бааз. Одоогоор бид НӨАТ-ын орлогын 30 орчим хувийг урамшуулалд зарцуулдаг. Ирэх оны нэгдүгээр сараас архи, тамхины татвар нэмэгдэж эхлэх учраас НӨАТ-ын урамшууллын системд бүртгүүлэх боломжтой талаар судалж байгаа” гэсэн мэдээлэл өглөө.
2016-2017 оны хооронд нийт 29 удаагийн сугалааны тохирол явуулснаас нийт 205.173 тооцооны хуудсанд найман тэрбум төгрөгийн сугалааны урамшуулал олгосон байна.
Сэтгэгдэл байхгүй байна