• Эхлэл
  • Ерөнхийлөгч Б.Хурцыг дэмжив үү, эсэргүүцэв үү?

Ерөнхийлөгч Б.Хурцыг дэмжив үү, эсэргүүцэв үү?

2017/12/24

Дуулиант Б.Хурцын гэгдэх сэдэвт Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан бичиг бас нэгэн хачир нэмэв. Энэ удаад эрхэм Ерөнхийлөгч Элчин сайд нарын томилгооны талаар өөрийнх нь дэмжигчдийн хувьд алга ташилт нэмэрлэхээр асуудлуудыг хөндсөн ч хамгийн их анхаарал татсан Б.Хурцын талаарх асуудалд эргэлзээ төрүүлсэн “гарчиг” хаяж орхив.

Ерөнхийлөгчийн Элчин сайдуудын томилгооны талаарх албан бичигт Япон улсад суух Элчин сайд Г.Тэнгэр, Канад улсад суух Элчин сайд Н.Чимгүүндарь, АНУ-д суух Элчин сайд Ё.Отгонбаяр нарыг насны шалгуур хангаагүй, тэднийг томилохдоо төрийн албаны мерит зарчмыг зөрчсөн гэсэн бөгөөд, өмнө мөн дуулиан тарж байсан Элчин сайд М.Энхсайхан, С.Баяр нарыг эргүүлэн татах асуудлыг анхаарахыг сануулсан.

Одоогоор эргүүлэн татах хоёр Элчин сайдын тухай асуудал дэмжигчдийнх нь хувьд алга ташилт дагуулахын зэрэгцээ өмнө санал болгосон гурван сайдын хувьд нас болоод төрийн албаны шалгуур хангасан эсэх тухайтад сошиал ертөнцөд шоглон шүүмжилсэн сэтгэгдлүүд хөвөрч буй. Ё.Отгонбаярыг насанд хүрээгүй гэж гэнэ, өөрөө дунд боловсролтой байж, өрөөлийг боловсролгүй гэж гэнэ гэх сошиалыг "сахилгагүй" постууд зөндөө л байгаа. 

Гэхдээ энд өгүүлэх нь Б.Хурцыг Элчин сайдаар томилохыг Ерөнхийлөгч Х.Баттулга түр хойшлуулан түдгэлзүүлэх тухай албан ёсоор байр сууриа илэрхийлсэн эсэх тухайд маргаан дэгдэж буй асуудал юм. 

Энд харагдаж буй албан бичигт Б.Хурцын талаар огт “үсэг, өгүүлбэр” байхгүй ч хэвлэлийн мэдээ нь Б.Хурцыг Элчин сайдаар томилох боломжгүй гэж үзсэн гэсэн тайлбартай. Эндээс зарим нь Ерөнхийлөгч маань Монголын УИХ-ыг “гөлөг” болгосон Б.Хурцын томилгоог эсэргүүцэв хэмээн алга ташиж байхад, баримтад л итгэдэг олонх хүмүүс албан бичигт ийм зүйл алга гэж гайхаширч байна.   

Мэдээж албан бичигт огт "үсэг өгүүлбэр" байхгүй байхад Ерөнхийлөгчийн "бичээгүй" үгийг санаанаасаа зохиож сенсаци дэгдээж байна гэх нь ч  аргагүй. Гэвч албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ор хоосныг бичдэггүй. Иш татсан албан сурвалж сурвалж буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны вэб сайтад /ЭНД дарж уншина уу/ ийн бичсэн байгаа.

...Мөн сүүлийн үед олны анхаарал татаад байгаа ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар явуулах эсэх асуудалд ч хүлээзнэх шаардлага үүссэн. Учир нь Б.Хурцыг Элчин сайдаар томилох тухайд УИХ-тай зөвшилцөх явцад анхаарал татсан олон асуудал яригдсан тул энэ бүхнийг тодорхой болтол Ерөнхийлөгчийн зүгээс түүнийг томилж явуулах боломжгүй гэж үзсэн байна...

Эргэлзээ төрүүлж, маргаан дэгдээгээд байгаа гол учир нь энэ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны сайт гэдэг яалт ч үгүй итгэх, иш татах албан эх сурвалж. Ерөнхийлөгчийн албан сайтын мэдээлэл нь энэ. Албан бичиг нь бас энэ.  /харьцуулан харна уу/

Дашрамд сануулахад ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг Элчин сайдаар томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гаргасан. Өмнө нь үг үсэг, логикийн алдаатай бүр "аяга ёроолдож" байгаа юм шиг албан бичиг үйлдэв гэж шүүмжлэгдэж байсан Ерөнхийлөгч энэ томилгоог эсэргүүцээд байгаа ч юм шиг “гарчиг”-ыг албан сайтаараа дамжуулан шидэв. Ямар учиртайг бүү мэд. 

Үүний араас Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан бичигт Б.Хурцын талаар ганц ч үг байхгүй ээ гэж “албан ёсоор” тайлбарлахыг үгүй гэх газаргүй. Эсвэл "Би уг нь эсэргүүцээд барсангүй" гэж гэнэн царайлах гэж байна уу. Эсвэл дэмжигчдээ хөнгөнхөн хөгжөөж, алга ташилт авах гэсэн арга уу.

Явж, явж Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны вэб сайтаас иш татсан мэдээллийн хэрэгслүүд буруутах вий дээ.

А.Туяа

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу

Ерөнхийлөгч Б.Хурцыг Элчингээр томилох боломжгүй гэж үзжээ

Ерөнхийлөгчийн албан ёсны вэб сайтын мэдээллийг дор дарж уншина уу 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайдуудыг томилох асуудлыг яаравчлуулахаар Ерөнхий сайдад албан бичиг хүргүүллээ 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна