• Эхлэл
  • АТГ-д бүтцийн өөрчлөлт хийхгүй гэв

АТГ-д бүтцийн өөрчлөлт хийхгүй гэв

2017/12/25

Авлигатай тэмцэх газрын удирдлагууд дөнгөж сая цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Улмаар өнгөрсөн арванхоёрдугаар сард хийсэн ажил болон 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажил, шалгасан хэргүүдийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Ингээд мэдээллийг багцлан хүргэе.

-2017 ОНД АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГИЙН УЛМААС 69,5 ТЭРБУМЫН ХОХИРОЛ УЧИРЧЭЭ-

 АТГын шалгалтаар 2017 онд Авлига, албан тушаалын хэргийн улмаас нийт 69,5 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 3,4 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлсэн. Үл хөдлөх байр, орон сууц, машин, тоног төхөөрөмж зэрэг нийт 11 төррлийн 29,3 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалжээ. Өмнөх онтой харьцуулахад гэмт хэргийн улмаас учирсан хохирол 84 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хохирол нөхөн төлүүлсэн байдал 21 хувиар өссөн байна.  Хурлын үеэр сэтгүүлчдийн асуусан асуултад хариуллаа.

 -"Монголросцветмет"-ийн захирлыг саатуулсан хэргийн шалгалт ямар шатанд яваа вэ?

-"Монголросцветмет" компанийн ерөнхий захирал Д.Ганболдыг гадаад улсад түүхий эд нийлүүлэхээр байгуулсан гэрээнүүдээс зарим компанид илт давуу байдал бий болгосон, түүхий эд ийн зах зээлийн ханшийг хэрхэн тогтоож гэрээ байгуулсан нь тодорхойгүй,  эдгээр гэрээнд албан тушаал, авилга, гэмт хэргийн шинж байж болзошгүй, улмаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа.

 -МХЕГ-ын байцаагчид хахууль авсан хэргээр баривчлагдсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

 -МХЕГ-ын газрын алба, хэлтсийн дарга нарыг 2017 оны арванхоёрдугаар сарын 08-ны өдрөөс эхлэн яллагдагчаар татан мөрдөн шалгаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаагаар эдгээр хүмүүс бүлэглэж бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүнсний бүтээгдэхүүн, мал малын гаралтай бүтээгдэхүүн, шонхор шувуу, тахиа, гахайны мах, ургамлын гаралтайт түүхий эд, рапс, самар зэрэг зөвшөөрлийг олгохдоо иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээнд хүнд суртал гаргаж удаашруулах, хясан боогдуулах замаар нэр бүхий аж ахуй нэгжээс их хэмжээний мөнгө хахууль болгон авч зарцуулсан болох нь тогтоогдсон. Прокурорын зөвшөөрөлтэйгээр хийгдсэн нэгжлэгээр сэжигтнүүдийн ажлын байр, орон сууц, хамаарал бүхий обьектуудаас нь нийт 500 гаруй сая төгрөгийн валют хурааж авсан. Энэ хүмүүсийг яллагдагчаар цагдан хорьж байгаа.

 -Цагдаагийн хоёр албан тушаалтан авилгын хэргээр шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл байна. Үнэн үү?

-АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс 2017 онд эрүүгийн 412 хэрэгт 639 хүнийг холбогдуулан шалгасан тухай сая мэдээлсэн. Эдгээр хэргийн холбогдогчдыг албан тушаалын байдлаар нь авч үзвэл төрийн тусгай албан тушаалтан 168 байна. Цагдаагийн бүх шатны албан тушаалын 140 хүн холбогдсон 120 хэргийг Эрүүгийн шинэ хууль тогтоомжийн дагуу хүлээн авч шалгаж шийдвэрлэсэн.

 -Авто тээврийн үндэсний төвийн албан тушаалтан авлигын хэрэгт холбогдсон. Энэ талаар мэдээлэл өгөөч?

 -Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярт 2017 оны наймдугаар сарын 04-нд эрүүгийн хэрэг нээсэн. Тэрбээр нэр бүхий компанид олон улсын ачаа тээврийн зуучийн эрх олгох зөвшөөрөл гаргаж өгөхийн тулд албаны эрх% албан тушаалын байдлаа урвуулан  удаа дараагийн үйлдлээр их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэмт хэргийг илрүүлсэн. Улмаар прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэг хийж бэлэн мөнгө илрүүлэн эд мөрийн баримтаар хурааж аваад байгаа. АТГ-аас Д.Батбаярыг 11-р сарын 16-ний өдөр яллагдагчаар цагдан хорьж шалгасан. 2017 оны 12-р сарын 14-ний өдөр шүүхээс үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзэж сулласан. Шүүхийн эрх мэдлийн асуудал тул бидэнд санал гомдол гаргах эрх байдаггүй. Зам тээврийн яам болон Авто тээврийн үндэсний төвийн албан тушаалтнууд олон улсын ачаа тээврийн С тусгай зөвшөөрлийг танил тал харах, хахууль авах байдлаар олон тоогоор олгосон байдаг. Энэ хууль бус үйлдлээс болж Өмнөговь аймагт нүүрс тээвэрлэлтийн зохиомол ачаалал дараалал үүссэнийг та бүхэн мэдэж байгаа.

-АТГ-ын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөлт орно гэсэн мэдээлэл байгаа. Үнэн үү?

 -АТГ бүтцийн өөрчлөлт хийхгүй. 2014 онд прокурорын мөрдөн байцаах албыг АТГ-т шилжүүлсэнтэй холбоотойгоор манайд 27 орон тоо нэмэгдсэн. Тэр орон тоог албан ёсоор нэмүүлж, УИХ-ын тогтоолоор батлуулж амжаагүй өдийг хүртэл явсан байсан. Тиймээс тэдгээр орон тоог нэмүүлж, баталгаажуулж авах асуудал юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна